АНУ манай улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжлээ
АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхдөл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр АНУ-ын Хөдөлмөрийн яамны орлогч Төрийн нарийн бичгийн даргын туслах хатагтай Патриса Силви, Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан захиргааны орлогч дарга Крис Виллиамсон болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, тэр дундаа уул уурхай дахь осол эндэгдлийг бууруулах асуудлаар харилцан мэдээлэл өгч, санал солилцлоо.
Манай улс АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсан.
Энэ хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, нас эрүүл мэндийг хамгаалахад талууд хамтран ажиллах юм.
Уулзалтын үеэр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэх, энэ салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, Хөдөлмөрийн болон уул уурхайн салбарын байцаагчдыг ОУХБ-ын 81, 129 конвенцын хэрэгжилттэй уялдуулж чадавхжуулах зэрэг тодорхой саналуудыг танилцуулж, АНУ-ын тал бүрэн дэмжихээ илэрхийллээ.