|

Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 208,977,352 төгрөгийн үнийн дүн бүхий 511,100 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.98%), Улаансан ХК (UNS +7.21%), Баянгол зочид буудал ХК (BNG +5.82%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -8.82%), Крипто Үндэстэн ХК (CNF -7.25%), Талх чихэр ХК (TCK -6.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

          -Хөрөнгө оруулалтын сангийн 28,087 ширхэг нэгж эрх 19,538,137 төгрөгөөр

          -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 14 ширхэг үнэт цаас 1,399,440 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 229,914,929 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -0.6% хувиар буурч, 35,801.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,418,199,675,856 төгрөг боллоо.

СЗХ: Үнэт цаасны зах зээлд данс эзэмшигчийн тоо 2.4 саяд хүрлээ (Gogo.mn)

Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны үйл ажиллагааны тайлангаа эмхтгэн гаргажээ. Уг эмхтгэлд тусгасан үнэт цаасны зах зээлтэй холбоотой мэдээллийг хүргэж байна. Үнэт цаасны зах зээлд 2022 онд 595 байгууллага үйл ажиллагаа эрхэлж, данс эзэмшигчдийн тоо 2.4 саяд хүрлээ. Нийт үнэт цаасны арилжаа өнгөрсөн оноос 2.4 дахин буурч, 594.9 тэрбум төгрөгт хүрэв. Харин зах зээлийн үнэлгээ 6.9 их наяд төгрөгт хүрч 15.2 хувиар өссөн бол ТОП-20 индекс 6,846.1 нэгжээр буурч 37,565.55-д хүрсэн байна. Үнэт металл, үнэт чулууны болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны 47 хуулийн этгээд, 465 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, 670.8 тэрбум төгрөгийн үнэт металл худалдаж, 700.1 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авчээ.

Экспорт импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарав (Bloombergtv.mn)

Монголбанк оны эхний гурван сард 2.2 тонн (2239 кг ) үнэт металл худалдан авснаа мэдээллээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн оны эхний улиралд худалдан авсан хамгийн бага хэмжээний худалдан авалт болж байна. 2022 оны эхний гурван сард Монголбанк 3.4 тонн үнэт металл худалдан авч байсан бол 2021 оны мөн үед 2.9 тонныг худалдан авч байжээ. Харин гуравдугаар сард 1018 кг үнэт металл худалдан авсан байна. Оны эхнээс өссөн дүнгээр ДарханУул аймаг дахь Монголбанкны хэлтэс 146.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авчээ. Өнгөрсөн сард алт худалдан авах дундаж үнэ нэг грамм нь 216 мянга 200 төгрөг байсан байна. Энэ оны эхэнд алтны үнэ нэг грамм нь 200 мянга 489 төгрөг байсан бол ийнхүү гуравдугаар сард 7.8 хувиар өссөн байна. 2022 оны туршид худалдан авсан үнэт металлын хэмжээ 22.9 тонн байсан бол 2023 онд энэ түвшиндээ байх боломжтой гэж Төв банк үзэж байна. 2022 онд Монгол Улс 1.12 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 19.7 тонн алт экспортод гаргажээ. Энэ нь 2021 оны гүйцэтгэлээс буурсан байна. Харин 2024 оноос алтны экспорт нэмэгдэх боломжтой гэж салбарын судлаачид үзэж байгаа юм.

Bloomberg Economics: Төв банкнуудын бодлогын хүүг өсгөх цикл удахгүй өндөрлөнө (Bloonbergtv.mn)

Дэлхийн ихэнх Төв банкнуудын бодлогын хүүгээ өсгөх цикл аль хэдийн дууссан эсвэл удахгүй өндөрлөнө гэж “Bloomberg Economics”-ийн шинжээчид таамаглаж байна. Хэдий тийм боловч мөнгөний бодлогыг дахин зөөлрүүлж эхлэх хүртэл хэсэгтээ завсарлага авахаар байгааг мэдээллээ. Эдийн засгийн өсөлт саарах анхны шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэнтэй зэрэгцэн АНУ-ын Холбооны Нөөцийн банк тавдугаар сард бодлогын хүүг багадаа дахин нэг удаа өсгөсний дараа завсарлага авч магадгүй гэж үзэж байна. Энэ нь дэлхийн Төв банкнуудын сүүлийн хэдэн 10 жил дэх хамгийн эрчимтэй бодлогын хүүг өсгөх циклийн эцэс болох юм. Дэлхийн бодлогын хүүгийн дундаж III улиралд зургаан хувь болж, дээд түвшинд хүрэхийг “Bloomberg Economics” тооцоолжээ. Харин 2024 оны эцсээр энэ үзүүлэлт 4.9 хувь болж буурахаар байгаа юм. Өмнөх циклийн адилаар Япон улс бусад улсаас ялгарахаар байна. Тус улсын Төв банкны бодлогын хүү одоогоор дэлхийн дээрх хамгийн доогуур түвшинд байгаа юм. Японы Төв банк шинэ тэргүүн Казуо Уэдагийн удирдлага дор энэ он дуустал бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалж, ирэх оноос өсгөнө гэж шинжээчид тооцоолжээ. Харин АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хувьд энэ онд бодлогын хүүгээ 5.1 хувьд хүргэнэ гэсэн албан ёсны тооцооллоо танилцуулаад байна. Энэ нь бодлогын хүүг дахин 25 суурь нэгжээр өсгөнө гэсэн үг юм.

Эрэлт буурснаар “Foxconn”-ийн орлого I улиралд 3.9 хувиар өсөв (Bloombergtv.mn)

Оны эхний улиралд “Apple”-ийн “iPhone” гар утас угсрагч “Foxconn” компанийн орлого ердөө 3.9 хувиар өссөн байна. Энэ нь эдийн засаг уналтад орно гэсэн болгоомжлол хэрэглэгчдийн дунд цахилгаан барааны эрэлт саарахад нөлөөлж байгааг харууллаа. Эрэлт ерөнхийдөө тааруу байдаг I улиралд “Foxconn” компани 48 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаа тайлагнасан байна. Энэ нь БНХАУ дахь үйлдвэрт хөл хориог эсэргүүцсэн жагсаал өрнөж, “iPhone” гар утасны үйлдвэрлэл тасалдаж байсан өмнөх улирлаас ч тааруу үзүүлэлт болж байгаа аж. 2023 оны II улиралд ч борлуулалт өмнөх оны мөн үе болон өмнөх улирлаас буурах төлөвтэй байгааг тус компани тайландаа анхааруулжээ. Шинжээчид энэ оны эхний гурван сард “Foxconn” компани 47.6 тэрбум ам.долларын орлоготой ажиллана гэж таамаглаж байсан юм. Хөрөнгө оруулагчид энэ онд “iPhone” болон бусад ухаалаг гар утасны эрэлт хэрхэх талаар болгоомжилж байна. Дэлхий даяар инфляц эрчимжиж буй энэ үед хэрэглэгчид цахилгаан барааны зарцуулалтаа танаснаар “Xiaomi” компанийн ухаалаг гар утасны нийлүүлэлт өнгөрсөн оны IV улиралд 26 хувиар буурчээ. “Foxconn” компанийн хувьд БНХАУ-д төвтэй нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчлөхөөр судалж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *