Б.Уянга: Уул уурхайн салбарынхан гамшгаас урьдчилан сэргийлэх аяныг урт хугацаанд өрнүүлнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгатай ярилцлаа.
-Улс орон даяар байгалийн гамшигтай тэмцэх хүмүүнлэгийн аян өрнөж байна. Уул уурхайн салбарынхан өргөн хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орж байна. Ямар санал, санаачилга гарч байгаа вэ?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд геологи, уул уурхайн компаниуд, газрын тосны бүтээгдэхүүн импортолж, хайж байгаа аж ахуйн нэгж холбоод, хүнд үйлдвэрийн төсөл хөгжүүлэх эрхээ авсан байгууллагууд гээд салбар нэлээд том бүтэцтэй. Энэ онцлог, давуу талаа нийгмийн хариуцлагын хүрээнд хэрхэн үр дүнтэй ашиглаж, олон хүнд тусалж болох вэ гэдгийг ярилцан тодорхой санал санаачилгуудыг өрнүүлж байна. Ер нь салбар урьд нь гамшгийн үед одоогийнх шиг өргөн хүрээнд нэгдэж уриалга гаргаж байгаагүй юм билээ. Тиймээс Монгол оронд, малчдад тулгамдаж буй байгаль цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор салбараараа нэгдэж тусалъя гэдэг уриалгыг мэргэжлийн зөвлөл, холбоодтойгоо хэлэлцэж байгаад гаргалаа. Салбарынхан ч идэвх зүтгэл гаргаж байна. Тэгэхээр хамтдаа нэгдээд явах нь илүү үр дүнтэй гэж харж “Байгалийн гамшгийн эсрэг баялаг бүтээгчид” уриалгыг гаргасан юм.
Бидний бас нэг гол зорилго бол гамшиг болсны дараа гэхээс илүү хаваржилт хүндрэх, үерийн асуудал, цаашлаад зуншлагатай холбоотойгоор урт хугацаандаа хохирлоос урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Үүнд нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн салбарынхан хэрхэн тусалж дэмжих, юун дээр хамтарч нэгдэж болох вэ гэдгээ бүх холбоод суугаад ярилцлаа.Өвөлжилт хүндэрч гамшиг болсон газар нутгийн иргэдэд зөвхөн мөнгөн тусламжаас гадна зам харгуйг нь гаргах, түлш, хоол хүнс, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн үйлчилгээ, малын өвс тэжээл гээд хэрэгцээтэй бүх зүйлээр нь туслахыг зорьж байна. Энэ хүрээнд уул уурхайн компаниуд машин механизм, техник технологи гээд бүх чадлаараа онцгой байдлын байгууллагын удирдлага дор ажиллаж байгаа. Зарим компаниуд мөнгө босгоод малчдад тусалж байна.
Өнгөрсөн зун хотод үер болоход онцгой байдлын байгууллагаас холбогдоод усны насосуудыг ашиглах зэргээр зохион байгуулалтад орж дайчлагдаж байсан. Тиймээс салбарын онцлог болох тоног төхөөрөмж, машин техникээ ашиглаад зам даваа хаагдах, үер уснаас сэргийлэхэд аль болох боломжоороо оролцож болно. Ер нь байгалийн давагдашгүй хүнд нөхцөл байдлын үед замын компаниудыг ашиглах хэрэгтэй.
-Энд тэндгүй хандив тусламж өрнөхтэй зэрэгцээд эзэндээ хүрч байгааг хянах боломж тааруу байна. Тэгэхээр зохион байгуулалтыг хэрхэн хийж байна вэ?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын мэргэжлийн зөвлөл, холбоодтой хоёр зүйл дээр анхаарч ярилцлаа. Нэгдүгээрт, хандив тусламж давхацвал яах вэ, хоёрдугаарт, эргээд хяналт хариуцлага ямар байх вэ гэдэг дээр санал солилцон олонхын саналаар гамшгийн үед ажилласан туршлагатай, мэргэшсэн, орон нутагт багтай гэдэг утгаараа Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтрахаар болсон. Өөрөөр хэлбэл, МУЗН-ийн хандивын дансанд мөнгөн тусламжаа хуримтлуулна. Мөн цар тахлын үед яаман дээр ажиллаж байсан Гамшгаас урьдчилан сэргийлэх штабын үйл ажиллагааг сэргээж тогтворжуулсан. Долоо хоногийн пүрэв гараг бүр салбарынхан хандив, тусламжийн мэдээллээ штабт ирүүлж байх юм.
Бид онцгой байдлын байгууллагаас өвөлжилт хүндэрч улаан түвшинд очсон аймаг, сумын мэдээллийг авч тухайн газар нутагт ойр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд руу холбож боломжоор нь туслах ажлыг зохион байгуулна. Амьжиргаа нь хүндэрсэн малчдад өөрсдийн нөөц боломжоороо ямар нэг хэлбэрээр тусалъя гэдэг уриалгыг л гаргаад байгаа нь энэ юм. Зарим холбоод аль хэдийн туслах газруудаа судалсан байсан. Жишээлбэл, Үйлдвэрлэлийн геологийн холбооныхон Төв аймгийн дөрвөн суманд туслахаар болсны гурав нь өвс тэжээл, нэг нь түлш шатахууны хэрэгцээтэй байна гэсэн. Энэ мэтээр аймаг, сум бүр өөр өөр хэрэгцээтэй байна.
Аж ахуйн нэгжүүд мөнгөн тусламжаа МУЗН-ийн дансанд “баялаг бүтээгчид” нэрээр төвлөрүүлнэ. Харин хэчнээн айл өрхөд хэрхэн тусалсныг эргээд бидэнд тайлагнах учраас шилэн байж чадна гэж харж байгаа.
-Танай салбарын хувьд урьдчилан сэргийлэх, тогтвортой өрнүүлнэ гэдэг нь анхаарал татлаа. Хаваржилт, үер ус, зуншлагын үед хандив тусламжийн аян үргэлжилнэ гэсэн үг үү?
-Яг энэ агуулгаар бид уриалгаа гаргасан. Зөвхөн өвөл гэж харахаас илүү хаваржилт хүндрэх, шар усны аюул болох өндөр магадлалтай гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Магадгүй зун эрсдэл үүсвэл тусламжийн аян урт хугацаандаа тогтвортой үргэлжлэх боломжтой. Тэр хэрээр урьдчилан сэргийлэх, цаашлаад багаж хэрэгслийг зөв төлөвлөж туслахад болохгүй гэх зүйлгүй. Ер нь том зургаараа бол уул уурхайн салбарынхан гамшгаас урьдчилан сэргийлэх аяныг урт хугацаанд тогтвортой өрнүүлнэ.
Салбарын мэргэжилтний хувьд харахад Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах талаар ард иргэдэд мэдлэг ойлголт өгөх, төрийн бодлогын түвшинд анхаарч ажиллах шаардлага тулгарчээ. Хамгийн гол нь урьдчилан сэргийлж төлөвлөх, хаа хаанаа бэлтгэл бэлэн байдал чухал.
-Гамшигтай тэмцэхээс гадна та саяхан ОХУ-д ажиллаад ирсэн. Явсан ажил хэрэг бүтэмжтэй юу?
-Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн голлох салбар учраас зогсолтгүй үргэлжлэх ёстой. Нийт импортын түлшний дийлэнхийг манай салбар ашигладаг. Тиймээс хэрэглээг тогтвортой байлгах шаардлагатай. Мөн уул уурхайн тэсэлгээний бодисын түүхий эд, үйлдвэрүүдийн химийн бодис хойд хөршөөс хамаарч байна. ОХУ руу айлчлалын Ажлын хэсгийг ахалж яваад ирлээ. Ажлын хэсэгт УУХҮЯ болон АМГТГ-ын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан.
Айлчлалаар гуравдугаар сараас ирэх наймдугаар сарыг дуустал энгийн стандартын АИ-92 шатахуун 70 мянган тонныг төмөр замтай ойр буюу Монголд орж ирэх хугацаа богино байхаар, энгийн дизель түлш 140 мянган тонныг авах тохиролцоонд хүрсэн. Хоёрдугаарт, тэсэлгээний бодисын түүхий эдийг тогтвортой байлгах үүднээс Аж үйлдвэр, Эрчим хүчний яамных нь удирдлагуудтай уулзлаа. ОХУ-ын талаас тэсрэх бодисын нийлүүлэлтэд ямар нэгэн хориг тавигдахгүй гэдгийг илэрхийлсэн. Цаашид хангамжийг тогтвортой байлгах, эрчимжүүлэх талаарх саналуудыг Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны аж үйлдвэрийн салбар хуралдааны үеэр хэлэлцэхээр тохиролцлоо. Ойрын хугацаанд гэрээгээ байгуулахыг зорино. Ер нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээтэй болчихвол ямар нэг хоригт орохгүй байх давуу талыг бий болгоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 37 (7281)