Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд бэлчээр хашаалах тухай ойлголт байхгүй
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малын бэлчээрийг хашаалж, Өвөрмонгол шиг болгох нь гэдэг ташаа мэдээлэл гарсан нь улс төрийн зорилготой, олон нийтийг төөрөгдөлд оруулах гэсэн оролдлого гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Тодруулбал, тэрбээр өнөөдөр Завхан аймагт болсон Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөний үеэр дээрх асуудалд тайлбар өгсөн юм. Ингэхдээ “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд бэлчээр хашаалах тухай ойлголт огт байхгүй.
Харин шинээр байгуулагдсан хоршоодод мал аж ахуйн үйлдвэрлэлээ явуулах зориулалтаар тав хүртэлх га газрыг нэг удаад үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ газрыг 15 хоногийн дотор олгох зохицуулалттай. Малын бэлчээрийг хөндөх тухай ойлголт огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийтдээ 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 648 нь баруун бүсэд байгаа аж.