МАН, МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын Үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ийн холбооноос нийгмийн түншлэлийн хүрээнд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулж, хамтран ажиллах саналаа УИХ-ын сонгуульд оролцож байгаа намуудад хүргүүлсэн билээ. Энэ дагуу өнөөдөр /2024.06.10/ Монгол Ардын Намаас МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны санамж бичгийг Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гарын үсэг зурж, баталгаажуулсан бөгөөд МҮЭ-ийн холбооны салбар холбоодын төлөөлөл оролцож, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, МҮЭ-ийн холбооны Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд баримтлах зарчим, хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үед миний бие МҮЭ-ийн төлөөлөлтэй уулзах үеэрээ “Үйлдвэрчний эвлэлийн дуу хоолойг аль нэг улстөрч бүрэн ойлгож чадахгүй. Харин ҮЭ-ийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад байж үзэл санаагаа хэрэгжүүлэх боломжтой” гэж хэлж байсан. Би хэлсэн амандаа хүрсэн. Өнөөдөр бол шинэ 30 жилийн эхний өдөр. Парламентад салбар салбарын дуу хоолой, үзэл санааны тээгч болсон төлөөллүүд орох боломжтой болж байгаа. Мэдээж үүнд дасахад улстөрийн намуудад цаг хугацаа хэрэгтэй. Нийгэмд ч цаг хугацаа хэрэгтэй.

Энэ тогтолцоо хэрэгжиж эхэлж байгаа эхний гэрч болсон ҮЭ-ийнхэнтэйгээ уулзаж байгаадаа би баяртай байна. МҮЭ-ийн дуу хоолойг парламентад хэн ч орлож чадахгүй. Хэн нэгэн хүн үйлдвэрчний эвлэлтэй ойрхон байлаа гээд орлож чадахгүй. Би оюутан байхаасаа ҮЭ-ийн танхимд олон удаа ирж, та бүхний хөдөлмөрийн эрх зүйн талаар, хөдөлмөр шударга байх тухай, ажил олгогчдын алдааны талаар, төр зөвхөн өөрийгөө илүүд тавьсан эрх зүйн тогтолцооны тухай, төрийн хууль тогтоомжийн чиг үүрэг болон үзэл санаа төрд эрх олгохоос эхэлдэг тухай зэрэг олон зүйлийг сонсож, ойлгож байсан.

МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай би зөрчилдөж танилцаж байлаа. Ардчилсан нийгмийн хамгийн гайхалтай зүйл нь үзэл бодлын ялгаатай байдал. Өнөөдрийн МАН-ын жагсаалтаар нэр дэвшүүлж байгаа жишиг ирээдүйд ч бас үргэлжлээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Цаашдаа дандаа улстөрчдөөс парламент бүрдэх биш, нутагтаа нэр хүндтэй хүн гардаг биш, хууль тогтоох байгууллагыг зөвхөн мөнгөтэй хүмүүс бүрдүүлдэг биш, парламентын танхимд хуулийн хулгай хийдэг биш харин парламент бол ард түмний төлөөллийн нийлбэр, парламент бол үзэл санааны төлөөллийн нийлбэр, парламент бол ард түмний индэр байх агуулгыг хамтдаа авч гарч чадна.

Энэ реформ бол аль нэг нийгмийн төлөөллийг намын эрх ашгийн үзэл санаанд үнэнч байгаарай гэдэг тулгалт биш. Харин улстөрийн намууд өөрчлөгдөж, нийгмийн дуу хоолой хүчтэй байж, улстөрчид өөрсдөдөө дүгнэлт хийх цаг хугацааны эхлэл юм. Энэ ч агуулгаараа манай Үйлдвэрчний эвлэлийн хамт олон хүсч мөрөөдөж байсан эрх зүйн реформоо өөрсдөө хийгээрэй. Үүнд би хамт байх болно” хэмээн үг хэлсэн юм.

 

Мөн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол Ардын Намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийгээд хамгийн түрүүнд Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж байгаад баярлалаа” хэмээгээд “МҮЭ-ийн холбооны саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд үр ашигтай хамтран ажиллахад баримтлах зарчим байгууллаа. Монгол Улсын ууган улстөрийн хүчин, үзэл санааны хувьд хамгийн ойр “социал демократ” үзэл баримтлалтай, ҮЭ-ийн байгууллагыг цаг ямагт дэмжиж ирсэн МАН улстөрийн манлайлал үзүүлж, Үндсэн хуулийн үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, ард түмнээ алгандаа багтаан нийгмийн захиалгын хүлээлтийг хүндэтгэн үзэж, тэргүүн ээлжинд эрх ямба, дарааллыг хойш нь тавьж, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ өөрөөсөө эхлэн үлгэр дуурайл үзүүлж ҮЭ-ийн мянга мянган гишүүдийн дуу хоолойг хүлээн авч төрийн хууль тогтоох эрхийг миний биеэр дамжуулан жагсаалтын долоодугаарт тавьж нэр дэвшүүлсэн нь УИХ-ын сонгуулийн түүхэнд нэн шинэ үзэгдэл бөгөөд ард түмэн, нийгмийн бүлгээ хүндэтгэсэн явдал гэж талархан хүлээн авч байна.

Эгэл жирийн малчин, ажилчны хүүхэд, хөдөлмөрчин түмний төлөө хоёргүй сэтгэлээр 20 гаруй жил зүтгэсэн миний биеийг итгэл хүлээлгэн түмнээ төлөөлж төр барилцах итгэл хүлээлгэж байгаад МҮЭ-ийн холбооныхоо Ерөнхий зөвлөл, олон мянган гишүүдийнхээ өмнөөс баярлалаа” хэмээсэн юм.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *