Монгол Улсын Хөгжлийн банк төрийн байгууллагуудаас анх удаа Авлигатай тэмцэх олон улсын стандарт нэвтрүүлж байна
Монгол Улсын Хөгжлийн банк нь үйл ажиллагааны үр ашиг, менежментийг сайжруулах, байгууллагын авлигын эсрэг засаглалын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх бодлого, зорилтын хүрээнд “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001” стандартыг нэвтрүүлж байна. Ингэснээр Авлигатай тэмцэх менежментийн олон улсын энэхүү тогтолцоог нэвтрүүлж байгаа төрийн анхны байгууллага болж байгаа бөгөөд бизнесийн холбоо, харилцаатай байгууллагуудыг авлигын эсрэг менежментийн тогтолцоонд уриалж, түүчээлэх, улмаар банканд итгэх гадаадын хөрөнгө оруулагч, харилцагч, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах замаар санхүүгийн нэр хүндийг өсгөх, үйл ажиллагааны алдагдал, эрсдэлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Уг стандартыг нэвтрүүлэх хүрээнд Авлигын эсрэг удирдлагын тогтолцооны талаар Обзерв консалтинг компани Хөгжлийн банкны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Монгол Улсын Хөгжлийн банк ISO37001:2016 стандартаас гадна Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 27001:2022, Чанарын удирдлагын тогтолцооны 9001:2015 стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд мөн “Инфосек интелиженс” компанитай хамтран сургалт зохион байгуулав.