|

Т.Доржханд ХҮН намаа сангийн сайдын суудлаар “наймаалцах” уу?

  Монгол Улсын ардчилсан тогтолцоот УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүн эцэслэн баталгаажиж шинээр сонгогдсон 128 гишүүн 2024 оны 7 сарын 1-ний өдөр СЕХ-оос түр үнэмлэхээ гардан авлаа.

Холимог тогтолцоогоор зохион байгуулсан хоёр дах удаагийн, тойргоос 78, нэрсийн жагсаалтаар 48 гишүүн сонгогдох ҮХНӨ-ийн хүрээнд зохион байгуулсан анхны сонгуулийн үр дүнгээр МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудалтай болов. Зүй нь 78 суудал авч ялалт байгуулсан МАН Засгийн газраа дангаар бүрдүүлэх эрхтэй ч АН, ХҮН намыг хамтарсан Засгийн газарт урьсан нь МАН-ын дотоодод төдийгүй, АН, ХҮН намаас энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүдэд сайдын сэнтий горьлох, хүсэн мөрөөсөх толгойны өвчин болж хувирлаа.

Ялангуяа түүхэндээ анх удаа парламентад 8 суудал авсан ч бүлэг байгуулах болзолд хүрээгүй  ХҮН намын хувьд ихээхэн сорилт дагуулах нь тодорхой боллоо. Учир нь МАН, АН-аас залхсан, тэдгээр намуудад итгэх итгэлээ алдсан олон сонгогч ХҮН намд саналаа өгч, үүний үр дүнд ХҮН нам түүхэнд байгаагүй их суудлыг парламентад авч чадсан. Нэг ёсондоо иргэд ХҮН намын гишүүдийг “ОЛОН” болгож МАН-ын дарангуйлал, илт бурангуй хүчний эсрэг СӨРӨГ ХҮЧНИЙ ХҮЧТЭЙ ДУУ ХООЛОЙ болгох гэж ингэж олноор нь итгэл хүлээлгэн саналын хуудсаа дугуйлсан гэлтэй. Гэтэл сураг сонсохнээ ХҮН намын дарга Т.Доржханд парламентын гишүүнээр сонгогдсон намын гишүүдээ хайрцаглаж, бодлогоо тулгаж хамтарсан Засгийн газарт нэгдэх асуудлыг хүчээр тулгаж буй аж. Шалтгаан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХҮН намын даргад Сангийн сайдын суудлыг амласнаас үүдэн ингэж улаам цайм “чичирч” буй талаар ордон даяар шивэр авир болж байна. ХҮН намаас энэ удаагийн сонгуульд шинээр сонгогдсон гишүүд “Зүүн төвийн үзэл баримтлалтай намтай эвсэхгүй. Бид хүчтэй сөрөг хүчин байх ёстой” гэсэн байр суурийг хатуу илэрхийлж буй ч Л.Оюун-Эрдэнийн халаасанд нэгэнтээ орсон Т.Доржханд намын нөхөддөө бодлогоо тулгаж муйхарлаж буй бололтой.

Гэвч үнэндээ энэ удаагийн сонгуулиар ХҮН нам парламентад 8 суудал авсныг амжилт гэж дүгнэж болох ч үүнээс ч илүү бүр бүлэг байгуулах хэмжээний буюу 12 суудал авах бүрэн боломжтой байсныг судалгааны дүн харуулна. Тэгвэл яагаад бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадаагүй шалтгаан нь гагцхүү намын дарга Т.Доржхандын рейтингтэй холбоотой юм. Ард түмний дунд ХҮН намын шилдэг залуу боловсон хүчинд найлах итгэл байвч намын дарга Т.Доржхандын өнгөрсөн хугацаанд тэр гоё имижтэй намаа “МАН намын охин НАМ” болгож харагдуулсан аялдан дагасан үхээнц шийдвэрүүд нөлөөлсөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны явцыг харахад иргэд сонгогчид шинэ, хүчтэй улс төрийн хүчнийг дэмжих хандлага өндөр байсан. Энэ сэтгэл зүй дээр тулгуурлаж ХҮН нам одоогийн байгаагаасаа илүү суудал авах боломжтой байсан ч намын дарга Т.Доржхандын муу нэр хүнд, “дорой имиж” хайран залуусыг доош татах шалтгаан болсныг мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тэгэхээр нэгэнт ХҮН нам Монголын Улс төрийн өрөг дээрх гурав дах хүчний орон зайг гүн бат эзэгнэхийг хүсэж байвал нийт олны хайр итгэлийг татаж чадаагүй, намынхаа имижийг МАН намын “охин” нам мэт харагдуулах муу үндсийг тавьсан Т.Доржханд даргаа солихоос эхлэх ёстой болов уу?

 Түүх сөхвөл Т.Доржханд УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт 24449 санал авч сонгогдож байсан. Энэ үзүүлэлт бол энэ удаагийн сонгуульд Баянгол дүүргийн 9-р тойрогт 39397 санал авч тойргоосоо нэгээр сонгогдсон Ж.Золжаргал инженер, БЗД-ийн 8-р тойрогт 53358 санал авч гурваар сонгогдсон доктор П.Наранбаяртай харьцуулахад “дорой” үзүүлэлт юм. Түүгээр ч зогсохгүй энэ сонгуулиар намын дарга Т.Доржханд сонгогдсон Хан-Уул дүүргийн тойргоосоо зугтаж нэрсийн жагсаалтад “нуугдсан” нь ХҮН намын нэр хүндийг доош татах хангалттай шалтгаан болсныг онцлох нь зүй.

Тиймээс ард түмний шинэ итгэл найдвар болсон ХҮН намыг “Оюун-Эрдэнийн халаасны нам” болгон харагдуулсан Т.Доржханд цаашид удирдах нь зөв үү? Эсвэл ширүүн тойргоос нэр хүндтэйгээр ялалт байгуулсан нэр цэвэр хүн удирдах нь зөв үү гэдэг асуулт урган гарч ирж байна.

Р.МАНДУУЛ  2024.07.01

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *