Монгол Солонгосын хамтарсан Стартапыг дэмжих “Инновацын төв”-ийг байгуулна
“Инновацын төв”-ийг байгуулснаар монголын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, технологийн хүний нөөцийг бэлтгэж чадавхжуулах, харилцан туршлага солилцох ач холбогдолтой.
Дээрх төв байгуулагдсанаар гурван жилийн хугацаанд гурван мянга орчим гарааны бизнес эрхлэгч залуус дээрх төвөөр үйлчлүүлж, мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, туршлага судлах сургалтад хамруулахаас гадна 45 гарааны бизнесийг дэмжиж ажиллана. Мөн ЕБС-ийн сурагчид их дээд сургуулийн оюутнуудад зориулсан стартап, инновацын сурах материалыг боловсруулахаас гадна стартапыг дэмжих сургалтын хөтөлбөрийг боловсруулна.
Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр БНСУ-ын ЖДҮ, стартапын яамны харьяа Солонгосын гарааны бизнес ба энтрепренёршип хөгжлийн институт (KISED)-ийн зөвлөх доктор, профессор Ким Жүн Хён болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзаа.
Уулзалтаар талууд инновацад суурилсан бизнес буюу гарааны бизнесийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бизнесүүдийг дэмжих, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, туршлага солилцох, оюутан солилцооны асуудлаар санал солилцлоо.