Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, Сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн дарга, холбогдох албан тушаалтнууд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Мөнхжаргал, Уул уурхай технологийн газрын дарга Ч.Алтанбагана, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга нар оролцож “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, стратеги төлөвлөлт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Монгол Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа үр дүнг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд танилцуулав.
“ЭТТ ХК” нь онцгой дэглэм тогтоосноос хойш 2024 оны 06-р сарын 30-ны өдрийг хүртэл 49,6 сая тонн нүүрс олборлож, 61.5 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 5.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлсэн нь улсын төсвийн татварын нийт орлогын 13%-ийг дангаараа бүрдүүлж байгааг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.
Тус компанийн 2023 оны жилийн цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгт хүрсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр 2024 онд хуримтлалын санд 200 тэрбум төгрөг бүхий ногдол ашгийг төвлөрүүлээд байгаа юм.
Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, төсөвт төвлөрөх орлогын хэмжээг бодитоор нэмэгдүүлсэн,
Нүүрс тээврийн бүх ажиллагааг ил тод, нээлттэй болгож, уурхайгаас ачигдсан нүүрсний мэдээллийг цаг тухай бүрд нь тус кампанийн сайтад байршуулан нийтэд мэдээлж байна,
Засгийн газрын 2022 оны 12-р сарын 09-ний өдрийн тогтоолоор 449 тоот тогтоолын дагуу Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй 7 гэрээг ил болгосон,
Уурхайн ашиглалтыг сайжруулах, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн төсөл болон бусад дагалдах төслүүдийг цогцоор хэрэгжүүлж байна,
Стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, дэд бүтцийн төслүүдэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэж, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян төмөр зам, Богдхан төмөр зам, Газрын тос дамжуулах хоолойн төслүүдийг шийдвэрлэсэн,
2022, 2023 оны цэвэр ашгаас 3,4 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг бүхий 1.2 их наяд төгрөгийг олгон ажиллаж байгаа талаар танилцуулав.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-тай холбоотой үндэсний хуримтлалын сангийн хуримтлалыг бий болгох шаардлагатай байгааг онцлон Монгол Улсын нийтлэг ашиг сонирхол, иргэдээ эн тэргүүнд тавьсан бодлого баримтлахаа уулзалтын үеэр илэрхийлэв.
Дэлгэрэнгүй мэдээг дараах холбоосоор нэвтэрч уншина уу. https://mmhi.gov.mn/2024/07/31/