Нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан зардалд татварын хөнгөлөлт үзүүлнэ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголтой холбогдуулан aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих зорилготой. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой зардлыг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг. Дээрх зардал нь компанийн үйл ажиллагаатай холбоогүй учраас хасагдах зардалд тооцогддоггүй. Өөрөөр хэлбэл татварын хөнгөлөлт урамшуулал эдэлдэггүй.
Тэгвэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлын зардлаас татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж буй юм. Тодруулбал хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил явуулж буй аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын нэг хувийг татвараас хөнгөлөх нэмэлт өөрчлөлтийг хуульд тусгаад байна. Холбогдох төрийн байгууллагаас хуулийг дагасан тусгайлан журам гаргахгүй бөгөөд дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт хууль батлагдаж нийтэд танилцуулагдсан өдрөөс хойш хэрэгжих боломжтой гэдгийг онцолж буй.
Хууль батлагдахаас өмнөх нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан зардалд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй. Харин батлагдсанаас хойших нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан зардалд борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.
Олон Улсад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд жилд 60-70 тэрбум төгрөгийг хүнийг хөгжлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг гэх тоон судалгаа бий. Харин дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй зардлыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг хууль санаачлагчид онцолж байна.