Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг орон даяар зохион байгуулна
Дэлхий хэмээх асар том соёлын бөмбөрцөгт монголын хэл соёл, үндэсний уламжлал өнө эртний гэсэн тодотголтой тэмдэглэгдэн үлдэж, өдгөө үнэ цэнээ алдаагүй хэвээр байна.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний ул мөр нь хадны сүг зураг. Түүнээс хойш юу бүтээж, хэрхэн аж төрж, соёлын ахуйг бүтээж, улс гүрэн оршин тогтнож ирснийг судар бичгийн хуудас, бичиг үсэг л хүүрнэн өгүүлж чадах билээ.
Угтаа их эзэн Чингис хааны үеэс олон улс оронтой харилцаж, дэлхийн хувь заяаг шийдэлцэж байсан захидал, харилцаа хийгээд хэр хүчирхэг улс гүрэн байсныг илтгэн харуулах зарлигийн бичээс, тамганы дардас, чулуун хуудаст номууд, сургаалт үгс зэрэг нь бичиг соёлын урт түүхийн тэргүүнд бичигдэн үлдсэн байдаг.
Аливаа улс үндэстний оршин тогтнохуйн үндэс, бусдаас хараат бус оршихуйн бэлгэдэл болсон хэл соёл, үсэг бичгээ ямагт баяжуулан хөгжүүлж үрээс үрд, үеэс үед уламжлуулан явах нь монгол хүн бүрийн үүрэг билээ.
Энэ ч утгаараа Монгол Улс анх 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр”, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд нэмэлт өөрчлөлт орсноор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн жилээс жилд өргөжин хүрээгээ тэлж, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болсон.
Түүнчлэн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” арга хэмжээг жилд хоёр удаа улс орон даяар тогтмол зохион байгуулж, өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлснээр бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдлоо өгсөөр байна.
Ийнхүү “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан тэмдэглэх нь номын соёл түгэн дэлгэрэх, ирээдүйн уншигчдыг номд дуртай болгон төлөвшүүлэх, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг үнэлэх, ном уншлагыг дэмжих, хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд нэн тустай юм.
2024 онд “Олон улсын бичиг үсгийн өдөр”-ийг “Олон хэлний боловсролыг дэмжих нь: Бичиг үсэг харилцан ойлголцол, энх тайвны төлөө” (“Promoting multilingual education: Literacy for mutual understanding and peace”) уриа дор тэмдэглэнэ.
ЮНЕСКО-гоос 2024 оны “Олон улсын бичиг үсгийн өдөр”-ийг урт удаан, бат бөх энх амгаланд хүрэхийн тулд олон хэлт нөхцөлийг тооцох замаар насан туршийн боловсролын тогтолцоо, хөтөлбөр, хэрэглээ, засаглалыг сайжруулах боломжит шийдлүүдийг авч үзэх, үүний тулд дэлхий, бүс нутаг, үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд олон нийтээр биечлэн ба онлайн хэлбэрээр тэмдэглэхийг уриалжээ.
Түүнчлэн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, боловсрол олгоход төрөлх хэлд (анх сурсан хэл) суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэн зохион байгуулах нь оновчтой гэдгийг Олон улсын бичиг үсгийн өдрийг тэмдэглэх тухай ЮНЕСКО-гийн баримт бичигт онцолсон байна.
Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэгч Та бүхнийг энэ сарын 13-наас 22-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдах “Үндэсний бичиг соёл, номын өдөр”т идэвхтэй оролцож, олон талт үйл ажиллагаанд зочлон саатахыг урьж байна.