Орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцъё
Сар хүрэхгүй хугацааны дараа орон нутгийн буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль болно. Тодруулбал, ирэх сарын 11-ний өдөр орон даяар болох юм. Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн ирц орон даяар 69.3 хувьтай болж өнгөрсөн. Гэвч орон нутгийн сонгуулийг хуулиараа ирц хамаарахгүй болгосон. Нэг ёсондоо хэдэн хувийн ирцтэй байхаас үл хамааран илүү санал авсан нь ялалт байгуулна гэсэн үг. Уг нь бол өмнө нь 50 хувь дээр нэмэх нь нэг хувийн ирцдээ хүрээгүй бол тухайн тойргийн сонгуулийг дахин явуулах хуулийн заалттай байлаа. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулах магадлалтай намын хүмүүс нь бусад сонгогчдыг ирүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг авах байх. Тэр ч утгаараа өнөөгийн эрх баригчид сонгуулийг баасан гаригт тааруулсан гэсэн хардлагыг бусад нам, эвслийнхэн илэрхийлээд байгаа. Манай сонгогчдод үеийн үед ажиглагддаг нэг том алдаа байдаг нь орон нутгийн сонгуулийг нэг их тоодоггүй. Нэр дэвшигчдийн тараах материалтай тэр бүр танилцаж, ам хэлийг нь асууж шалгаадаггүй. Тэгсхийгээд л сонгууль өгсөн болоод өнгөрч байгаа харагддаг. Энэ нь эрх баригчдад маш том давуу талыг бий болгосоор ирсэн. Учир нь тэдэнд хорооны дарга нар, халамжаараа бий болгосон бэлэн сонгогчид байдаг.
Гэтэл УИХ-ын сонгуулиас илүү хамгийн чухал сонгууль бол орон нутгийн сонгууль байдаг. Учир нь төрийн эрх барих дээд байгууллагад гарсан нам, эвсэл бол улс орны хэмжээний бодлогын шинжтэй зүйлсийг шийдэж, томоохон хуулийн төслүүдийг санаачлан баталдаг. Тэгвэл сум, хороо, дүүргийн төлөөлөгч нар чинь өдөр тутмын амьдралын тань асуудлуудыг голчлон шийддэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод утаа, түгжрэл, замын эвдрэл, хог, шороо гээд олон асуудал бий. Энэ бүхнийг зөвхөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болсон нөхөд л хамтран шийдэх учиртай. Түүнээс биш яам, тамгын газрын дарга нар, УИХ-ын гишүүдээс гудамжныхаа хогийг ач гээд шаардаад байж болохгүй. Үүнтэй адил сум, орон нутгийн асуудлуудыг чинь тэд л шийднэ.
Тухайн тойрог таван мянган сонгогчтой байгаад мянга нь ирж саналаа өгсөн ч хамгийн олон санал авсан нь ялалт байгуулж, үлдсэн дөрвөн мянган хүнийг төлөөлөн шийдвэр гаргана гэдгийг л манай сонгогчид ойлгох хэрэгтэй. Түүнээс биш нэгэнт сонгуулийн дүн гарсны дараа уйлж дуулаад, улаан бичигтэй жагсаал цуглаан ямар ч нэмэргүй. Нийслэл, аймаг, суманд тань аль нам олонх болж, ирэх дөрвөн жил засаглахыг ардчилсан сонгуулийн зарчмаар л сонгогчид мэднэ. Энэ жилийн хувьд нийтдээ 8031 мандат дээр 17 мянган хүн өрсөлдөхөөр болсон гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор зарласан. Эдгээр хүмүүсээс төлөөлөгчид сонгогдож, тэдгээрээс сум, хороо, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга тодорно. Том хоёр нам буюу АН, МАН-ын хувьд тойрог бүрд хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Ирэх сарын 27-ноос сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Мэдээж өдгөө иргэдээ төлөөлөн сууж байгаа хүн маш олноор нэр дэвшсэн нь харагдаж байгаа. Мөн шинээр нэр дэвшигчид, бусад нам, эвслийн дэвшигч гээд олон сонголт бий. Тэгэхээр сонгогчдод үндсэндээ хоёр сонголт байна. Хуучин буюу өнгөрсөн хугацаанд таныг төлөөлөн орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажилласан хүмүүсээ дахин сонгох. Мэдээж тухайн хүмүүсийг сайн ажилласан, итгэл даадаг, эргэх холбоотой байдаг гээд олон зүйл энэ сонголтод нөлөөлнө. Гэвч хамгийн чухал нь та одоогийн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна уу. Амьдарч байгаа орчин тань эрүүл, аюулгүй байж чадаж байна уу гэдгийг өөрсдөөсөө нэг асуугаад үзэхэд гэмгүй. Харин энэ асуултад хангалттай гэсэн хариулт гарч ирэхгүй бол дараагийн сонголт нь шинэ хүмүүс. Шинэ нам гаргах хэрэгтэй. Та сонгуульдаа ороогүй байж амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаад элдэв юм гонгинох эрхгүй болно гэж мэдэж байгаа юу.
Шинээр нэр дэвшиж байгаа хүмүүсийг сонгохдоо тэдний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, амлалтыг нэг бүрчлэн харж, өмнөх хүмүүсийнхээ алдаа дутагдлыг давтахгүй гэдэгт нь итгэлтэй байх ёстой. ИТХ-ын төлөөлөгч гэдэг бол тухайн сум, дүүрэгт тулгамдаж буй олон асуудлыг олж хараад түүнийг шийдэхийн тулд төсөв татан төвлөрүүлээд засах үүргийг хүлээдэг. Гэвч ер нь таны амьдарч байгаа газарт аль нам ялах нь тийм ч сонин биш. Тэгээд ч ИТХ-ын сонгууль улс төрөөс ангид байх ёстой.
Тэр тусмаа сумын ИТХ-ын төлөөлөгч нь намын харьяалалгүй байх ёстой гэдгийг хуульд зааж өгсөн байдаг юм. Харин намд нь итгээд, намын хатуу гишүүнчлэлдээ үнэнчээ харуулах гээд нөгөө л нэг худалч, хулгайчдаа сонгочих юм бол таны, миний, бидний амьдрал одоогийнхоосоо улам л уруудна гэдгийг санах ёстой.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн хууль анх 1996 оны наймдугаар сард батлагдаж, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулийн бие даасан хуультай болж байсан түүхтэй. Харин бид энэ удаад өнгөрсөн 2020 онд шинэчлэн найруулсан хуулийн дагуу сонгуулиа өгнө. Энэ хуулиар бол нөгөө л улиг болтол яриад байгаа ирц хамаагүй болчихсон юм. Тиймээс сонгогч та ажлын сүүлийн өдөр, баасан гариг гэж ийш тийшээ явалгүй. Эсвэл “Надаар л дутав гэж” хэмээн залхуурч, хайнга хандалгүйгээр хэсгийн хороон дээрээ очоод саналаа өгөөрэй. Энэ бол Монгол Улсын иргэн болсны тань нэгэн том үүрэг, хариуцлага төдийгүй төрийн эрх барьж байгааг тань мэдрүүлэх хамгийн чухал зүйл юм. Хэрэв та, таны эргэн тойронд байгаа хүмүүс “Надаар дутахгүй”, “Хэн нь ч гарсан ялгаагүй” гэх үзлээр хандаж, саналаа өгөхгүй л байх юм бол ирээдүйд таны хүүхэд өнөө л утаатай, түгжрэлтэй, хог шороотой хотдоо амьдрах болно гэж бодоорой. Харин өнөөдөр өгсөн таны санал ирээдүйг бага ч болов өөрчилж, үр хүүхдийн тань амьдралын чанар сайжрахад бага ч болов тус нэмэр болох учиртай билээ.