Дорнод, Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарчээ
Дорнод аймгийн Чойбалсан сум, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ой хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал: Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Авдар хараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн хойд 120 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар 07-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах анги, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 132 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, аравдугаар сарын 08-ны өдрийн 00:28 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га орчим талбай өртжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Халуун рашаан” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс зүүн урд зүгт 270 км, Мандал сумаас зүүн урд зүгт 120 км/ www.icc.mn сайтад ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн тухай мэдээллийг аравдугаар сарын 03 ны өдрийн 08:35 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагч очиж ажиллаад мөн өдрийн 19:03 цагт цурамд оруулжээ. Аравдугаар сарын 06-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтрааж, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газарт хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар түймэрт 18 га орчим талбай өртжээ.