|

Ханбогд сумын дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, эрчимжүүлэх чиглэл өглөө

Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү болон бусад албаны төлөөлөгчид Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллалаа. Энэ үеэр Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэвээнравдан, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт болон Оюу толгой ХХК-ийн орон нутгийн харилцааны зөвлөх, ХБХХОТС-ийн төлөөллүүдтэй сумын бүтээн байгуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын явц байдлаар уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр УИХ-ын хаврын чуулганаар Өмнөговь аймгийн Ханбогд сумыг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд орон нутгийн зэрэглэлтэй хот болгох шийдвэр гарсантай холбоотой бэлтгэл ажлын явц, 2021 онд Ханбогд сумын ИТХ-ын баталсан “Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудын талаарх мэдээллийг өглөө. Мөн энэ үеэр Оюу толгой төслөөс сумын бүтээн байгуулалт, нийгэм, хүн амын боловсрол, эрүүл мэнд, амьдрах очин нөхцөл зэргийг сайжруулахад зориулан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцав.

Тодруулбал Оюу толгой төслөөс Ханбогд сумын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулан 50 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийж, “Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюу Толгойн Сан”-г 2022 онд байгуулсан. Тус сангаар дамжуулан Оюу толгой төслийн хүрээнд Ханбогд суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж буй бөгөөд Эрдэнэс Оюу Толгой ХХК-аас хувьцаа эзэмшигчийн хувьд ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү Алсын хараа 2050 Монгол Улсын хөгжлийн баримт бичиг, Бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд Ханбогд сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгох шийдвэр гарсан. Энэ хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч Оюу толгой компанийн 34 хувийн хувьцааг эзэмшигч буюу Засгийн газрыг төлөөлөгч компанийн хувьд Эрдэнэс Оюу Толгой ХХК-иас Оюу толгой уурхайн ажилтан, албан хаагчдыг Ханбогд хотод тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрахад зориулан орчин үеийн нийгмийн үйлчилгээний хүртээмжтэй, иргэндээ ээлтэй, амьдрах таатай нөхцөл бүрдсэн орон сууц бүхий хорооллыг бий болгох зорилгын дор төр, хувийн хэвшлийн түншлэл, оролцоог хэрэгжүүлж ажиллахаар компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгаад байна. Энэ хүрээнд бид төрөөс баримталж буй бодлогуудыг хэрэгжүүлж орон нутгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд цаашид Ханбогд суманд Оюу толгой төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй, бодит бүтээн байгуулалт, дэд бүтцийг сайжруулах зэрэгт анхаарал хандуулж хэрэгжилтэд хяналт тавина гэдгээ илэрхийлсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *