ТҮК-ийн ажилчдын цалинг нэмнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзлаа. Тэрбээр, “Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан. Мөн энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр зорьж байна” гэлээ.
Энэ үеэр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнийг дагаж цалин нэмэгдэнэ. Түүнээс гадна иргэдийг соёлжуулах, соён гэгээрүүлэх нь маш чухал. Мөн иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хуульд заасан орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байна. Хот цэвэр, цэмцгэр байхад иргэн бүрийн оролцоо чухал” хэмээн онцоллоо.