Монгол банк: Мөнгөний бодлогын мэдэгдэл
Бодлогын хүүг хэвээр хадгалах, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах,
хэрэглээний зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах тухай
Дугаар: 2024/03
Огноо: 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 6 дугаар сарын 25, 7 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд:
- Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах;
- Банкуудын гадаад валютын заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 3 нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх;
- Хэрэглээний зээлийн хувьд мөрдөгдөж буй макро зохистой бодлогын зохицуулалтад дараах өөрчлөлтийг оруулах. Үүнд:
- Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны дээд хязгаарыг 55 хувь болгож бууруулах,
- Банкнаас шинээр олгох амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй кредит картын зээлд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх,
- Тодорхой нөхцөлүүдийг хангасан дээд боловсролын сургалтын төлбөрийн зээлд ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалтыг мөрдүүлэхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа.
Жилийн инфляц 2024 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 5.7 хувь, Улаанбаатар хотод 5.6 хувьд хүрч буурлаа. Мөнгөний бодлогын хатуу төлөв инфляцыг бууруулах нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, худалдааны түнш орнуудын инфляц буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байснаар импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт саарах хандлага үргэлжилж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарч байгаа нь инфляц буурахад голлон нөлөөлөв. Цаашид инфляц зорилтот интервалд байх хүлээлт хэвээр байна.
Эдийн засгийн өсөлт 2024 оны 1 дүгээр улиралд 7.8 хувьд хүрч хүлээлтээс өндөр гарлаа. Нүүрсний экспортыг дагаад уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдэн дотоод эрэлт тэлснээр уул уурхайн бус салбаруудын идэвхжил нэмэгдлээ. Харин зудын нөхцөл байдал тооцоолсноос хүндэрч, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл агшихаар хүлээгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжирсан хэдий ч геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын мөргөлдөөнтэй холбоотой суурь эрсдэлүүд хадгалагдсаар байна. Ийнхүү Мөнгөний бодлогын хороо инфляцад нөлөөлөх гадаад, дотоод орчны эрсдэл, цаашдын төлөвийг харгалзан бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.
Олон улсад эрсдэлгүй хүүгийн түвшин өндөр хэвээр хадгалагдаж, гадаад валютын ЗБН-ийн шаардлага өндөр байгаа нь банкуудын эx үүсвэрийн зардлыг өсгөж байгаа тул банкуудын гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох ЗБН-ийн хувь хэмжээг бууруулахаар шийдвэрлэв.
Нэрлэсэн цалин, орлогын өсөлтийг дагаад хэрэглээний зээлийн өсөлт эрчимжиж байгаа нь санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж байна. Иймд санхүүгийн системийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор шинээр олгох болон нөхцөл өөрчлөх хэрэглээний зээлийн ӨОХ-ны хязгаарлалтыг чангаруулахаар шийдвэрлэв. Гэхдээ нөөцийн үр дүнтэй хуваарилалт, санхүүгийн зах зээлийн хүртээмж, санхүүгийн бүтээгдэхүүний хөгжлийг дэмжих зорилгоор бага дүнтэй банкны кредит картын зээл, тодорхой нөхцөл шаардлага хангаж шинээр нэвтрүүлэх боловсролын зээл зэрэг зээлийн бүтээгдэхүүнд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа.
Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО