Зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг Уул уурхайн биржээр арилжаална

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилалд зэс, молибденийн баяжмал бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж ХК-иар зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус үйлдвэрийн газар 2024 онд зургаан аж ахуйн нэгжид 621.5. мянган тн зэсийн баяжмал, дөрвөн аж ахуйн нэгжид 6,240.0 тн молибденийн баяжмалыг нийлүүлэх гэрээтэй байна.
Тогтоол батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн болон молибденийн баяжмалыг биржээр арилжих үүрэг хүлээнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өмнө байгуулсан гэрээг харгалзан үзэж тус үйлдвэрийн газрыг 2024 онд эхний ээлжинд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр таван хувийг арилжих чиглэл хүргүүлжээ.
Зэс, молбедины баяжмалыг биржээр арилжаалснаар түүхий эдийн зах зээлийн үнийг бодитоор тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулахад гол хөшүүрэг болох төдийгүй уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг нэмэгдүүлэх боломжтой гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцоллоо.
2024 онд эхний ээлжинд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын 5-10 хувийг уул уурхайн биржээр зарах бол “Оюу толгой” ХХК-д санал тавьсан бөгөөд хөрөнгө оруулагч талтай ойрын хугацаанд буюу Канадын Торонто хотноо болох PDAC олон улсын уул уурхайн чуулганы үеэр яриа хэлэлцээ хийнэ гэдгийг салбарын сайд хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *