ЖДҮХС-гаас олгосон зээлийн эргэн төлөлттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.14/  хуралдаан 09 цаг 20 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн холбогдох хуульд заасны дагуу асуудлыг хаалттай хэлэлцэх саналыг танилцуулснаар хуралдаан хаалттай горимд шилжлээ.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг хамгаалах зорилгоор Засгийн газар нь Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 он хүртэл 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлж улмаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2014 онд баталсан. Ийнхүү уг хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад малчдын гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцооны суурь тавигдсаныг дурдлаа.

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх даатгалын тогтолцоо нь эрсдэл тохиолдсоны дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс зардал багатай, тогтвортой, үр дүнтэй байдаг нь олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд байгалийн гамшиг их хэмжээний эрсдэлийн эсрэг хэрэглэдэг даатгалын шинэлэг төрөл гэдгийг сайд танилцуулгадаа онцлоод Монгол Улсад малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс хойш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 59,4 сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган малчин өрхөд 26,1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна гэв.

Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж, индексжүүлсэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн боловч жилд дунджаар нийт малчин өрхийн дөнгөж 11-18 хувь, малын 7-10 хувь нь тус тус даатгалд хамрагдаж байгаа нь эрх зүйн орчныг шинэчлэн баталж хэрэгжүүлж байгаа төрийн бодлогын зорилт төдийлөн оновчтой хангагдахгүй байгааг харуулж байна. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх малчдын мал сүргийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас уг хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсныг С.Одонтуяа сайд онцлон тэмдэглэв.

Хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуульчилсан байгааг өөрчлөн, уян хатан тогтоохоор тусгасан байна. Энэ нь малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Мөн даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгасан. Нөхөн төлбөрийг урьдчилан олгосноор малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, М.Ганхүлэг, Б.Ганбаатар, Б.Уянга, Б.Бейсен, С.Замира нар  асуулт, асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдлээс үүссэн малын хорогдлын нөхөн төлбөрийг урьдчилан олгоно гэсэн зохицуулалт болон, мөн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгаанын талаар холбогдох судалгаа тооцоолол хийсэн эсэх, мөн  малчдын зүгээс даатгалын босго үзүүлэлтийг багасгах саналтай байдгийг төсөлд хэрхэн зохицуулсныг илүүтэй лавлаж байлаа.

“Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант хариултдаа, “Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу хагас жилийн мал тооллогын дүнгийн дараа нөхөн төлбөрийг сумдын малын зүй бус хорогдлыг дүнд үндэслэн олгодог. Хагас жилийн мал тооллогын дүн долдугаар сард эцэслэгдээд найман сард хамтын эрсдэлийн сангийн хурлаар ороод 9-10 дугаар сарын хооронд даатгалын нөхөн төлбөр олгогддог. Үүнд даатгалын ач холбогдол багасч, даатгуулагчийн сэтгэл ханамж сул байдаг. Иймд хуулийн төсөлд Статистикийн үндэсний хорооны мэдээлэлд үндэслээд тухайн сум орон нутгийн малын хорогдлын босго үзүүлэлтийг давах нь тодорхой болсон тохиолдолд хугацаанаас өмнө гаргасан мэдүүлэгт үндэслэн даатгагч гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан авах уян хатан зохицуулалтыг тусгасан” гэж байлаа. Мөн тэрбээр, хуулийн хэрэгжилт хангалтгүй, малчдын малаа даатгалд хамруулсан хувь, хэмжээ бага байгаагийн шалтгаан нь даатгалын босго үзүүлэлт өндөр байсантай холбоотой гэдгийг 21 аймгийн Засаг дарга нарын дунд явуулсан судалгаанаас харагдсан. “Үндэсний давхар даатгал” ХК, Сангийн яамнаас тодорхой тооцоо, судалгаа хийхэд зарим аймгийн сумдад зургаагаас доош хувийн босго оноо тогтоох боломж байгаа хэдий ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд энэ талаар хатуу заалттай байдаг. Иймд Засгийн газарт босго үзүүлэлтийг уян хатан зохицуулах боломж олгохоор тусгаснаар малчдыг даатгалд хамруулах нэг хөшүүргийг бий болгоно гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс даатгуулагч бага, хүртээмж сул, малчид мэдээлэлгүй байна гэлгүй үйл ажиллагаа эрчимжүүлж, ажлаа хийх шаардлагатайг онцгойлон анхааруулаад, хуулийн төсөлд малчид төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөллтэй зээл авахад малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх гэсэн нөхцөлийг оруулж, албан журмын даатгал шиг зохицуулалт тусгасныг эргэн харах шаардлагатай гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, “Босго үзүүлэлтийг Засгийн газар тогтоох эрх олгоход чиглэх бус малчдын саналыг харгалзан үзээд хамрах хүрээг нь бууруулж иргэдийн эрх ашгийн төлөө байх агуулга руу нь хуулийн төслийг чиглүүлэх саналтай байна” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Ганбаатар, ““Үндэсний давхар даатгал” ХК эсвэл холбогдох салбарын яам, орон нутгийн удирдах байгууллагууд малчдад даатгалын талаар ойлголт, мэдээлэл олгоход анхаарч ажиллах нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Эцэст нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг тогтоолын төсөлд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууныг нэмэхээр тусгасан байлаа.

Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, С.Замира, У.Отгонбаяр, Б.Ганбаатар, М.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ.

Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжив

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *