Польшийн ерөнхий сайд өрнөдийнхний өмнө өвдөг сөхрөхгүй гэдгээ анхаарууллаа

Сүүлийн өдрүүдэд Польш-Беларусийн хил дээр хэдэн мянган дүрвэгч бөөгнөрөөд байгаа. Ихэнх нь Ойрх Дорнодоос ирсэн дүрвэгчид Беларусиас Европын Холбооны гишүүн улс болох Польш руу нэвтрэхийг оролдож байна.

Одоогоор хамгийн багадаа 2,000 орчим дүрвэгч хоёр улсын хилийн зурваст гацаж, хүйтэн шөнийг майханд өнгөрөөж байгаа юм.

Интернэтэд тарсан видео бичлэгээс үзвэл хилийн Беларусийн талд цугларсан дүрвэгчид өргөст торон хашааг нэвтлэхийг оролдож, Польшийн цэрэг, цагдаа нар нулимс асгаруулагч хий цацан тэдний оролдлогыг зогсоож байна.

Сүүлийн үед хилийн бүс нутагт шөнөдөө хасах хэмтэй хонох болсноос хэд хэдэн дүрвэгч осгож амиа алдсан тухай мэдээ ирж байгаа.

Европын Холбоо, АНУ уг хямралыг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко зориуд зохион байгуулж байна гэж буруутгадаг. Хилийн нөхцөл байдалтай танилцаад ирсэн Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки өчигдөр парламентын шуурхай хуралдаанд үг хэлэхдээ “Лукашенкогийн зохион байгуулж буй хилийн халдлагын гол санаачлагч нь Москвад бий. Тодруулбал ерөнхийлөгч Путин санаачлагч нь юм” гэж мэдэгджээ.

Тэрбээр Орос, Беларусийн удирдагчдыг Европын Холбоонд тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна хэмээн буруутгасан байна.

Моравецки үүссэн нөхцөл байдлыг “жирийн хүмүүсийг бамбай болгон ашигласан шинэ төрлийн дайн” гэж тодорхойлжээ.

Сүүлийн 30 жилийн түүхэнд Польшийн хилд гарсан хамгийн том халдлага гэж тэр уг хямралыг нэрлэсэн байна. Европын Холбооны гишүүн Польш, Литва, Латви улсуудын Беларусьтай залгаа хилээр сүүлийн саруудад дүрвэгчдийн урсгал нэмэгдэх болсон. Гэхдээ Польшийн хилээр нэвтрэх оролдлого хамгийн их гарч байгаа.

Литва улс өчигдөр Беларусьтай залгаа хил дээрээ онц байдал зарласан нь шөнийн 00:00 цагаас хэрэгжиж эхэлжээ. Тус улс хил рүүгээ цэрэг илгээж, болзошгүй дүрвэгсдийн урсгалд бэлдэж эхэлсэн байна.

Сүүлийн үед Литвийн хилээр нэвтрэхийг завдаад баригдсан дүрвэгсдийн дотроос 20 гаруй хүн террорист байгууллагатай холбоотой болохыг шалгаж тогтоосноо тус улсын дотоод хэргийн дэд сайд Кестутис Ланчинскас мэдээлжээ.

Өчигдөр Беларусийн ерөнхийлөгч Лукашенко тус улсын төв хэвлэлд ярилцлага өгөхдөө хилийн ямар нэг мөргөлдөөн үүсгэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр өөрийгөө энэ нь ямар аюултай болохыг ойлгохооргүй “тэнэг хүн биш” гэж хэлсэн ч бас “бид өрнөдийнхний өмнө өвдөг сөхрөхгүй” гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments