Н.Орчлон: Ажиллаж байгаа хэрэгтэйгээ холбоотой хүнтэй олон нийтийн газар тааралдвал шууд зугтах ёстой

 Энэ удаагийн iVoice зочны буландаа Голланд улсын Гааг хотын олон улсын шүүхийн цор ганц Монгол өмгөөлөгч, Монголын үнэртэй усанд дурлагсдын группын үүсгэн байгуулагч, олон улсын хуульч Наранцэцэгийн Орчлонтой ярилцлаа.

-Таныг сошиал орчинд “өвөө” гэдэг нэрээр нь хүмүүс илүүтэй таньдаг юм билээ. Олонх нь таныг үнэртэй ус сонирхогч л гэж боддог байх. Та ер нь ямар ажил эрхэлдэг хүн бэ?

Би эрүүгийн чиглэлээр мэргэшсэн хуульчаар  олон жил ажиллаж байна. 1999 онд тухайн үеийн Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд мөрдөн байцаагч, ЦЕГ-т олон улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан байцаагчаар ажиллаж байлаа. АНУ-д хуулийн сургууль төгссөнийхөө дараа АНУ-д олон нийтийн өмгөөллийн товчоонд ажиллаж байгаад сүүлийн 15 жил тасралтгүй Голланд улсын Гааг хотноо байрлах дэлхийн хэмжээний 2 том шүүхийн нэг болох Олон Улсын Эрүүгийн Шүүхэд (International Criminal Court) хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Би мөн ОХУ-ын Москва хот дахь Кутафын нэрэмжит хууль зүйн дээд сургууль, Австри улсын Моцарт төрсөн хот болох Салцбург хотын их сургууль, Ирландын үндэсний их сургуульд лекц уншдаг байсан. Турк, Солонгос, Швед зэрэг улсуудын их дээд сургуульд лекц унших урилгатай байсан ч коронавирусын улмаас чадаагүй.

Ерөнхий боловсролын  5-р дунд сургууль, Цагдаагийн дээд сургуулийг төгссөн. Дараа нь АНУ-д Виржиниа мужид Англи хэлний курс (Academic English)-ыг төгсөөд АНУ-даа Миннесота мужийн их сургуульд (University of Minnesota) хуулийн магистрын зэргээ хамгаалж байсан. Мөн  АНУ, Шинэ Зиланд, Голланд, Герман, Белги, Франц, Ирланд, Швецари, Австри зэрэг улсуудад  мэргэжил дээшлүүлэх  олон сургалт дүүргэж байсан.

 

-Ийм өндөр боловсрол эзэмшсэн хүн  олон хэлтэй байх даа?

-Англи Франц хэлтэй гэж л хэлдэг. Англи хэлдээ би харьцангуй өөртөө итгэлтэй, Франц хэлийг сурч байна. Энэ хоёр хэлээрээ холбогдох мэргэжлийн шалгалтыг нь өгч ажиллаж байгаа л даа. Франц хэлийг одоохондоо Англи хэл шигээ хүссэн хэмжээндээ сурч чадахгүй байгаадаа өөртөө  шүүмжлэлтэй ханддаг. Бидний үед Орос хэл заадаг байсан ч харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам орос хэлээ мартчихсан.

Олон улсын шүүхэд анх   ажилд орсон түүхийг тань сонирхож байна?

-Би яллах талдаа буюу мөрдөн байцаагчаар, өмгөөлөгч талаараа ч ажиллаад үзчихсэн эрүүгийн чиглэлээр мэргэшсэн хуульч. Монголд олон улсын байгууллагуудад хуулийн зөвлөх хийдэг байсан болохоор гадаад хүмүүстэй ажиллах туршлагатай ч болсон байлаа. АНУ-д сурснаасаа гадна мэргэжлээрээ 5 жил ажиллахдаа  олон улсын хүний эрхийн чиглэлээр улам ихийг сурах шаардлагатай, маш их туршлага хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд ч 2003 онд буцаж ирээд АНУ-д сурснаа  ерөөсөө ч ашиглаж чадахгүй  л байлаа.

Олон улсын түвшинд ажиллах хэрэгтэйгээ ойлгоод онлайнаар ажил хайж эхэлсэн.  Урьд нь цахим ертөнц хөгжөөгүй байх үед ажлын зар нэр хүндтэй сонин сэтгүүл ээр тавигддаг байсан. Тэр ажлын зарыг худалдаж авсан хүнээс нь өөр хэн ч уншихгүй гэсэн үг. Анх ажил хайж эхлэх үеэр дэлхийн хэмжээнд бодлого тодорхойлдог 4 чухал нийслэлийн (Нью-Йорк, Вена, Женев, Гааг) нэг Австрийн Вена хот дахь олон улсын атомын эрчим хүчний агентлаг”Хуулийн зөвлөх авна” гэсэн ажлын зарын дагуу бүх материалаа онлайнаар явуултал хэдэн сарын дараа “тэнцээгүй” гэсэн захидал ирсэн. Энэ татгалзсан хариу надад маш их урам өгсөн.  Тэр том байгууллага  Монгол Улсын иргэн миний хүсэлтийг хүлээн авч хүндэтгэж, тэр холоос цаасан дугтуйтай захиа ирүүлсэн нь маш сайхан байсан. Би дэлхийн хүн болж байна, дараагийн удаа заавал  тэнцсэн хариу авна гэж өөртөө амлаж байлаа.  Ингээд интернэт гэх гайхамшгийн ачаар би Монголоос Гааг хотын олон улсын шүүхэд ажлын байр зарласныг мэдэж материалаа бүрдүүлж өгөөд, бичгийн шалгалт өгч, утсаар ярилцлага өгч байсан. 2 дахь ажлын ярилцлагаа шүүхээс миний бүх зардлыг дааж Гааг хотод очиж өгч байлаа. Үүнээс хойш тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байна, маш их зүйлийг сурч мэдэж авчээ.

БИ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД АЖИЛЛАЖ БУЙ ЦОР ГАНЦ МОНГОЛ ХҮН

-Та Олон улсын шүүхэд ажиллаж буй цор ганц Монгол хүн гэсэн?

Би олон улсын шүүхэд ажиллаж буй анхны бөгөөд цорын ганц Монгол хүн. Анх ажилд орохдоо туслах, дараа нь хуульч болоод, одоо ахлах албан тушаалд ажиллаж байна. Би олон улсын шүүхэд ажиллаж байгаа “динозавруудын” нэг, хамгийн олон жил ажиллаж буй хүмүүсийн тоонд орно.

Манайх 10, 15 жил ажиллахад олон жил ажилласны дурсамж тэмдэг болох “Long Service Medal” өгдөг, буцаад ажилдаа очихоороо тэр тэмдэгээ авна даа. Манайд ихэнхидээ хүмүүс цөөн хэдэн жил ажиллаад, өөрсдийгөө олон улсын түвшинд  хүрчихлээ гэж үзээд карьерээ хөөгөөд явчихдаг.

 

ЗОРИГИЙГ ХҮН ӨӨРӨӨ БИЙ БОЛГОДОГ

 Энэ ажилд ороход туршлага, хэлний чадвараас гадна  өөр чухал  шалгуур тавьдаг уу?

-Мэдээж  хэлийг  сайн эзэмшсэн, олон жил ажилласан туршлагатай  байх ёстой. Тухайн чиглэлээр мэргэшсэн байх хэрэгтэй. Манайх олон улсын эрүүгийн шүүх учир эрүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах, яллах, өмгөөлөх, шүүн таслах чиглэлээр мэргэшсэн байх гэсэн шалгуурыг тавьдаг.

Олон улсын байгууллагад ажиллахад Англи, Франц хэлтэй бол харьцангуй өрсөлдөх чадвар сайжрах ч НҮБ-ын зургаан хэлийг (Англи, Франц, Орос, Хятад, Араб, Испани) эзэмшсэн байвал бүр сайн. Хүмүүс миний хэл муу байна л гэдэг, үнэндээ бид төрөлх хэлээ ч насаараа сурдаг.  Жишээ нь би англи хэлийг 20 жил сурч байна, сурсаар л байх болно. Хамгийн гол нь иргэний зоригтой байх чухал. Энийг л залуусдаа хэлмээр байдаг. Мэдээж манай залууст мэдэх шаардлагатай юм маш их байгаа ч дэлхийн хаана ч адилхан. Өндөр хөгжилтэй орны залууст ч гэсэн сурч мэдэх юм  их бий. Тэгэхээр олон улсын түвшинд өөрийгөө сорино гэсэн зоригтой байх хэрэгтэй. Дэлхийн бүх оронд манай улсад тулгамдаж буй асуудлууд байж л байгаа. Манайхаас ялгаатай нь тэд асуудлаа шийдэж чаддаг, эсвэл бүр дордуулж орхидог. Чадварыг бол хүн өөртөө эзэмшүүлж сурч болно, суръя мэдье гэсэн хүнд бол цаг хугацааны асуудал. Зоригийг хүн өөрөө бий болгодог. Ганцхан Монголд өөрийгөө битгий хар, олон улсын хэмжээнд л өөрийгөө харах хэрэгтэй. Олон төрлийн хүмүүстэй ажиллах чадвартай байх ёстой. Хэнтэй ч мэргэжлийн түвшинд ажиллаж, багаар ажиллах чадвар чухал.

-Залууст лекц уншихдаа ихэвчлэн юуг захиж хэлдэг вэ?

Монголын их дээд сургуулиудад лекц уншихдаа “Монгол бөгөөд Ази хүнийхээ хувьд бид дэлхийд гарах ёстой, дэлхийд ийм боломжууд байна, дэлхийн хэмжээнд, мэргэжлийн хэмжээнд ажиллах ёстой, дэлхийд гарч байгаа олон асуудлуудыг шийдэхэд бид оролцох ёстой.” гэж хэлдэг.

Яагаад гэвэл бид олон улсын хамтын нийгэмлэгийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг, Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Монгол улсын иргэн бид дэлхийн иргэн байх ёстой.

 

-Та өөрийгөө феминист гэж байсан. Монголд эмэгтэйчүүдийг төдийлөн авч хэлэлцдэггүй, олон улсад энэ асуудал хэрхэн шийдэгддэг вэ?

-Би ганц бие ээжийн хүүхэд. Би хүчтэй эмэгтэйг багаасаа харж өссөн нь үүнд их нөлөөлсөн байх. Миний ажиллаж байсан газрын бүх дарга нар эмэгтэйчүүд байсан.

Эцгийн эрхт ёс давамгайлсан, эмэгтэй хүний эрхийг маш хүчтэй зөрчдөг манайх шиг улс орнууд, ялангуяа эрчүүдийг мэдрэмжтэй байгаасай гэж хүсдэг. Хуучирсан, өнгөрсөн үеийн хуучирсан бодлоосоо салаасай. Ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр эмэгтэй хүний статусыг бууруулах нь маш буруу.

Наад зах нь л эмэгтэй хүн буюу хохирогч талыг л буруутгаад байдаг хүмүүс энэ асуудлыг өөрийнхөө дотны хүн дээр тусгаад үзээсэй. Ээж, эгч, эхнэр, охин, найз бүсгүйд чинь ийм асуудал тохиолдсон бол яах вэ? Энэ талаас нь бодох хэрэгтэй. Эмэгтэй хүний асуудал бол өөрийн чинь асуудал.

МОНГОЛ УЛС ХУУЛИА ОГТ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ

-Мэргэжлийн хүний хувьд Монголын хууль дутагдал ихтэй санагддаг байх?

Манайд үндсэн болоод салбар бүх хууль нь байгаа. Хамгийн гол асуудал бол хуулиа огт хэрэгжүүлдэггүй.  Хэрэгжүүлэхгүй бол хичнээн хууль гаргаад ч нэмэргүй. Тэгэхээр хууль хэрэгжүүлэх механизмаа хэнийг ч алагчилдаггүй, шууд хэрэгждэг болгомоор байна. Хуулийг хэрэгжүүлэх механизм нь байхгүй бол хууль нь хууль гэдэг үнэ цэнээ алдаж “гууль” болно. Хуулийн систем өөрөө цаг шиг бүх араа шүд нь зэрэг ажилладаг.

Хамгийн тод жишээ нь Өмнөд Солонгос улсад бэлгийн  дарамт учруулсан хэрэгт холбогдож шийтгүүлээд ирсэн иргэн манай Үндсэн Хуулийн Цэцэд сууж байна. Энэ бол  хуулийг завхруулсан, ёс зүйн хэм хэмжээгээ зөрчсөн, Монгол Улсыг дэлхийд шившиг болгосон  байж боломгүй асуудал. Ийм байхад Монголд  хууль, хуульчдын ёс зүй ярих ямар ч боломжгүй.

 

-Голланд улс, Монгол Улс хөгжлөөрөө мэдээж том ялгаатай. Гэхдээ  тухайн орны хууль дүрэм, соёлоос Монголдоо нутагшуулмаар санагддаг зүйл байдаг уу?

-Тэнд амьдарч буй иргэн хүний нүдээр харахад  тухайн улсын иргэд хуулийг чандлан сахидаг ард түмэн. Хууль гэхээсээ илүү соёлтой холбоотой асуудал ярихад: Голланд 18 орчим сая хүн амтай, манай 2-3 сумын газар нутагт амьдардаг ч тэд дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг, хүмүүс нь дэлхийн хамгийн чинээлэг, амьдралын өндөр түвшинтэй. Тэд спорт, бизнес, боловсролдоо маш сайн.  Нэгэндээ хатуу шаардлага тавьдаг соёлоос Монголчууд суралцаасай гэж боддог. Ялангуяа хууль зөрчвөл хүүхэд хөгшидгүй нэгэндээ маш хатуу шаардлага тавьж чаддаг.  Өөрөөсөө ахмад хүнд  ч хууль ёсны зөв шаардлагыг тавьбал тэр хүн хүлээж авах ёстой. Энэ Монголчуудад маш их дутагддаг зан. Манайхан  өөрөө л болж байвал бусад нь хамаагүй гэдэг хувиа хичээсэн бодолтой. Үүнээс улбаатай монголчууд хариуцлагагүй, өөрийн байж болох хамгийн хариуцлагагүйгээрээ байдаг.

лон улсын шүүхэд ажилладагийн хувьд шударга  байдал, шүүгчдийн ёс зүйг өндрөөр үнэлж чадах уу?

-Үүнтэй холбоотой маш их хүчин зүйлс байгаагийн нэгийг нь хэлье. Олон улсын байгууллага, тэр тусмаа хууль шүүхийн байгууллага ард түмний итгэх итгэл шүүх засаглалыг үнэмлэх нэг номерын хүчин зүйл гэж ойлгодог. Ингэснээр ажлын, зан үйлийн, биеэ авч явж байгаа зэрэг бүгд үүнтэй холбоотой болдог.

Би шүүгч байлаа гэж бодвол ард түмний итгэл алдахуйц буруу сэтгэгдэл төрүүлж, итгэлийг нь алдаж хэрхэвч болохгүй. Жишээлбэл би ажиллаж байгаа хэрэгтэйгээ холбоотой хүнтэй ажлын бус цагаар олон нийтийн газар тааралдвал шууд зугтах ёстой. Яагаад гэвэл бид хэргийн талаар юу ч ярилцаагүй байж болно. Гэхдээ бидний нэг газар байгааг өөр хүн хараад энэ хүмүүс уулзаж байна гэж хардлага төрүүлэх нь ард түмний итгэх итгэлийг бууруулна. Манайд бол гаднаас нь харахад л шүүхийн үйл ажиллагаа доголтой харагддаг, нэг хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүс нэг машинд сууна, нэг газар хоол иднэ, тэр ч бүү хэл хамт архи ууж байна.

ДЭЛХИЙН ХААНА Ч АСУУДАЛ БИЙ

Таныг аялах дуртай гэдгийг мэднэ. Эх орондоо  саатахад манай  нийгэм ямархуу өнгө төрхтэй харагддаг вэ?

-Дэлхийн 50 улсаар аяласан байна. Цаашдаа 100 орноор аялах мөрөөдөлтэй. Хүн олон газар очиж үзэх тусмаа амьдралын чухал зүйлсийг ойлгож эххэлдэг. Жишээлбэл, дэлхийн хаана ч хүн төрөлхтөн амьдрахын төлөө зүтгэж байна, аз жаргал гэдэг хүн бүрт адилхан, хүн бүр хайрлаж дурладаг, хүн бүрийн зовлон шаналал  адилхан. Тиймээс хүнийг хүн л гэж хандах ёстой юм байна гэх зэрэг чухал зүйлсийг ойлгодог.

Мэдээж дэлхийн хаана ч асуудал бий. Гагцхүү бид  нэгэндээ хүнлэг, найрсаг, хүндэтгэлтэй, хандаж сурах хэрэгтэй. Хүн бүр асуудалтай, хүн бүр өөрийн гэсэн зовлонтой. Гадаад төрх, нийгмийн байр сууриас үл хамааран хүнийг хүн хэвээр нь авч үздэг байгаасай гэж хүсдэг.

 

ҮНЭРТЭН БОЛ МИНИЙ ХОББИ 

Таныг үнэртэй усанд дурлагсдын группын админ, “өвөө” гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.  Үнэртэн таны хобби юу, бизнес үү?

-Үнэртэн бол миний хобби. Би ямар ч үнэртний бизнес хийдэггүй. Монголд үнэртний соёлыг  анх дэлгэрүүлсэн гэж өөрийгөө боддог. Үнэртэй усанд дурлагсадын группээ найман  жилийн өмнө  нээж байлаа. Одоо групп  маань 300 мянган гишүүнтэй,  бүл нэмсээр л байна.

Энэ нь манай монголчууд  үнэртний өндөр соёлтой ард түмэн гэдэгтэй холбоотой. Одоо  хоёр  жил авч явж байгаад группээ орхиё гэж бодож байгаа. Энэ хугацаанд 400 гаруй үнэртний нийтлэл бичсэн байна. Өнгөрсөн  8  жилийн хугацаанд маш олон  арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн үнэртний 2 мундаг мастерийг Монголд урьж авч ирсэн. Олон ч үнэртний брендтэй хамтран ажиллалаа.  Одоогийн энэ үеийг монголд үнэртний соёл хөгжиж буй алтан үе гэж нэрлэнэ.

 

И.ЭГШГЭЛЖИН

Similar Posts

5 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Battuya
Battuya
2 years ago

Хуульч бидний бахархал болсон найздаа амжилт хүсье. Маш сайхан ярилцлага болжээ.