Н.Мандуул: Хөгжлийн банканд шалгалт дутагдаагүй. Харин илэрсэн зөрчлийг арилгуулах гэж ажиллаагүй нь бодит фактаар харагддаг
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал нийгэмд ил болсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд эргэн төлөлт, хяналт шалгалттай холбоотой олон асуудал хөндөгдөж, хууль хяналтын байгууллагад шилжээд буй. УИХ-аас байгуулагдсан Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болон өмнөх сонсголоор олон нийтэд ил болсон зарим ноцтой зөрчлүүд, чанаргүй зээлдэгч нарт холбогдох шүүхийн процесс, хууль эрх зүйн орчны талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлттэй холбоотой сүүлийн үеийн мэдээллээс ярилцлагаа эхэлье. Та өчигдөр Засгийн газрын мэдээллийн үеэр гадаад бондын эргэн төлөлт хийх эх үүсвэрийг бүрдүүлсэн гэх мэдээллийг өгнө лээ?
-2022 он гарсаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт идэвхжсэн. Олон нийт, хэвлэл мэдээллийн шахалт шаардлага, Засгийн газрын дэмжлэг, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа нөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1.1 их наяд төгрөгийг эргэн төлсөн байна. Бид энэ онд хоёр том гадаад бондын эргэн төлөлттэй. Үүнээс “Самурай” бондын эргэн төлөлтийн 30 тэрбум иенийн зээлийн эх үүсвэрийг бүрэн бүрдүүлж, Монголбанкны тусгай дансанд байршуулсан. Үүнээс гадна 500 сая ам.долларын бондын эргэн төлөлт биднийг хүлээж байна. Өнгөрөгч онд олон улс дахь бондын үнэ унасан нөхцөл байдлыг ашиглан 53 сая ам.долларын бондыг худалдан авсан. Үүнээс 11 сая ам.долларыг хэмнэлсэн. Ингэснээр нийт 450 орчим сая ам.долларын бондын эргэн төлөлт хийх үлдсэн.
-Хамгийн сүүлд танай нэхэмжлэлтэй “Хөтөл” ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал болсон. Эргэн төлөлт огт хийгдээгүй зээлүүдийн нэг. Энэ утгаараа Хөгжлийн банк “Хөтөл” дээр хамгийн том эрсдэлд ороод байгаа. Гэтэл шүүх дээр дахиад л хойшилчихлоо?
-Олон нийт нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хөгжлийн банкны зүгээс зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг хангуулахын тулд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад явдаг. Үүнээс “Хөтөл” ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал 16 удаа хойшиллоо. Энэ мэт байдлаас шалтгаалж зээлийн эргэн төлөлтөө хангуулж чадахгүй нөхцөл байдалд хүрч буй олон тохиолдол бий. Нөгөө талдаа эрүүгийн хэрэг дээр АТГ болон прокурорын байгууллагаас шалгаад шүүхэд шилжсэн 84 иргэн, хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал хүлээгдэж байна. Энэ шүүх хуралд Хөгжлийн банк хохирогчоор оролцоод явж байгаа.
Шүүх хурал хойшлох олон шалтгаан бий. Тэр дундаа иргэний хэргийн шүүх дээр.
Нөгөө талдаа зээлдэгч нарын зүгээс янз бүрийн шалтгаан гаргаж ирж хурлууд хойшлогдох нь бий. Жишээ дурдахад, нэг хэрэг дээр нэхэмжлэл гаргасан этгээд буюу намайг “Хөгжлийн банкийг төлөөлөх эрхтэй эсэхийг нотлох баримтаар хангуулъя” гэдэг үндэслэлээр ажилд томилсон ТУЗ-ийн тогтоолыг шүүх хуралдаанд ирүүлэхээс шалтгаалж шүүх хуралдаан хойшилж байсан тохиолдол ч байна.
-Шүүхэд шилжсэн ч шийдвэрлэж чадахгүй, гацаанд орж байгаа нь эргээд Хөгжлийн банкны санхүүгийн үйл ажиллагаанд ямар хүндрэлийг бий болгож байна?
-Өнгөрсөн онд нэг их наяд төгрөгийн эргэн төлөлтийг хийлгэсний үр дүнд гадаад өрөө төлөх хэмжээнд хүрлээ. Нөгөө талдаа хүлээгдэж буй дүнгүүд ч байна. Үүнээс “Эрэн” ХХК, “Бэрэн групп” ХХК, “Хөтөл” ХХК гэсэн гурван компанийн зээлд 800 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хүлээгдэж байна. Ер нь иргэний хэргийн нэхэмжлэл маань энгийн шүү дээ. Банкнаас зээл олгочихсон. Нөгөө тал барьцаагаа тавиад зээл авчихсан. Бид шүүх дээр энэ этгээд зээлийн гэрээ байгуулсан нь үнэн, төлөх ёстой нь үнэн, төлөхгүй байгаа бол барьцаагаар нь үүргийг нь хангуулъя гэдэг шийдвэрийг шүүхээс хүлээгээд байна.
-Хөрөнгийн маргаантай байгаа зээлүүдийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?
-Хөрөнгийн маргаан дээр нэлээн их асуудал бий. Ялангуяа орон сууцуудтай холбоотой. Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш нийт 10 мянга орчим орон сууцыг ашиглалтад оруулах зорилгоор зээл өгсөн байдаг. Үүнээс одоогийн байдлаар 980 орчим орон сууц хөрөнгийн маргаантай байна. Тухайлбал, Чингис хаан банкны зээл, Пирамид орд ХХК, Бармон ХХК гэх мэтчилэн компаниуд манай банкны барьцаа болон өмчлөлд байгаа орон сууцуудыг иргэдэд мэдэгдэлгүйгээр, манайхаас зөвшөөрөл авахгүйгээр зарж борлуулсан гэсэн үг. Энэ тохиолдолд иргэд ч, банк ч хохирчхоод байгаа юм. Үүний хүрээнд нотлох баримтууд, мэдээллийг нь хууль хяналтын байгууллагад гарган өгч, шалгаад явж байгаа. Нөгөө талдаа зөвхөн хууль хяналтын байгууллагад найдаж хүлээхгүйгээр зээлдэгчтэй ярилцаж, тухайн зээлийн эргэн төлөлтийг хангуулах чиглэлд яриа хэлэлцээр хийгээд явж байна. Хэрвээ зээлийн эргэн төлөлтөө хангуулчих юм бол тухайн иргэдийг хохироохгүйгээр хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэх чиглэлд зорьж ажиллаж байгаа.
-Шүүх хурлын процесс удааширч байгаад олон нийт бухимдалтай хандсаар байгаа. Шүүх дээр Хөгжлийн банкны хэргүүд бүгд шийдэгдэж чадна гэдэгт та хэр итгэл үнэмшилтэй байна?
-Мэдээж шүүх хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой. Банкны зүгээс тухай бүрд нь шаардсан нотлох баримтын гарган өгч, хамтран ажиллаж байгаа. Хөгжлийн банк хохирогч гэдгээрээ шүүх хуралд оролцоод явж байна. Банкны зүгээс барьж буй зарчим бол, эдгээр шүүх хурлуудыг нээлттэй явуулж өгөх хүсэлт юм. Ингэвэл олон нийт шүүх хурал процессын хуулийнхаа дагуу хойшлоод байдаг юм уу, шүүгчийн үзэмжийн асуудал байгаа юм уу аль эсвэл өмгөөлөгч нарын янз бүрийн арга мэх гараад байдаг юм уу гэдгийг харна. Энэ утгаараа шүүх хурлыг нээлттэй болгомоор санагддаг.
“ТОСК ТӨҮГ” МАНАЙД ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ ЭЗЭМШҮҮЛСЭН. ТУХАЙН ҮНЭТ ЦААСЫГ ӨӨР ЭТГЭЭДЭД ХУДАЛДАН БОРЛУУЛЖ МӨНГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ НЭЭГДСЭН
-Хувийн ААН-үүд зээлээ төлөх нь төлөөд, шүүхээр шийдвэрлэгдсэн нь ч байгаа. Гэтэл нөгөө талд төртэй холбоотой зээлүүд аль аль шатандаа хөдлөхгүй байна. Энэ тал дээр танайхаас хэрхэн ажиллаж байгаа юм бэ. Нэг хэсэг үнэт цаас гаргана гэх асуудал яригдаад чимээгүй болчихлоо?
-Төрийн өмчит компаниудын зээлийн нэг төвөгтэй зүйл нь хариуцах эзэн бараг байхгүй. Олон жилийн өмнө тус зээлд шийдвэр гаргаж байсан дарга, сайд нар нь ажлаа өгчихсөн, одоо ажиллаж байгаа нөхцөлд байгууллагын ой санамж гэдэг зүйл маруухан, хэрхэн шийдвэрлэх нь мэдэгдэхгүй. Энэ мэт байдлаас шалтгаалж удааширсан зүйл байгаа. Гэхдээ бид төрийн өмчит компаниудын зээл дээр нэлээн ахиц гаргасан. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зээлийн 117 тэрбумын эргэн төлөлтийг хийлгэсэн мөн МИАТ зээлээ бүрэн төлж барагдуулсан. Зарим төрийн өмчит компаниуд бэлэн мөнгөөр төлөх чадамжгүй болчихсон байна. Тухайлбал, “ТОСК ТӨҮГ”-ын Буянт Ухаа 1, 2 хотхон бариад түүнийгээ иргэдэд хямд үнээр борлуулж, тухайн дүн нь зээлийнхээ эргэн төлөлтийг хангаж чадахгүйд хүрчихсэн. Өнгөрсөн онд удаан хугацаанд хэлэлцээр хийсний эцэст “ТОСК ТӨҮГ” манайд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж эзэмшүүлсэн. Энэ үнэт цаас нь хоёрдогч зах зээлд хөрвөх чадвартай. Ингэснээр тухайн үнэт цаасыг өөр этгээдэд худалдан борлуулж мөнгөжүүлэх боломж нээгдсэн гэж хэлж болно.
Цаашид энэ алдааг дахин давтахгүйн тулд төрийн өмчит компаниудад ямарваа нэгэн зээл олгохдоо мөнгөн урсгалд маш сайн дүн шинжилгээ хийх ёстой юм байна. Хоёрдугаарт, зээлийн гэрээ хийсэн байх. Тэгэхдээ Засгийн газар, яамнаас гэрээнд нөлөөлөхүйц шийдвэр гарвал яах вэ гэх мэт нарийн зохицуулалт хийж өгөх шаардлагатай.
-ТОСК ТӨҮГ үнэт цаас гаргаж ХБ-нд эзэмшүүлсэн гэлээ. Тэгвэл бусад зээлээ төлж чадахгүй байгаа ТӨҮГ-ууд энэ төрлийн үнэт цаас гаргах байдлаар ажиллах боломжтой юу?
-Боломжгүй. Яагаад гэвэл ТОСК ТӨҮГ-аас эзэмшүүлсэн гэх эл үнэт цаас нь хөрөнгөөр баталгаажсан.
-Хураасан хөрөнгүүд хэр их байгаа вэ. Түүнийгээ Хөгжлийн банк яаж мөнгө болгох юм бэ?
-Зээлдэгч нарт бэлэн мөнгө байхгүй болчхоод үл хөдлөх хөрөнгө, барьцаагаа зээлийн өр төлбөрт шилжүүлэх ажлууд нэлээдгүй их хийгдлээ. Банканд 200 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө өмчлөлд шилжсэн байна. Тухай бүрд хэрхэн борлуулах вэ гэдэг дээр гаргалгаа гаргаад явж байна. Бид өмчлөлд шилжүүлж авахдаа банканд ашигтай хэлбэрээр үнэлүүлсэн байгаа. Одоогийн нөхцөлд бид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн холбоотой хамтран ажиллахаар ярилцаж байна. Энэ нь өөрөө үл хөдлөх салбарын хөгжилд ч хэрэгтэй.
Б.БАТБАЯР ЗАХИРЛЫН ҮЕД 4, Г.АМАРТҮВШИН ЗАХИРЛЫН ҮЕД 3, Н.МӨНХСҮХ ЗАХИРЛЫН ҮЕД 3, МИНИЙ ҮЕД 22 ЗЭЭЛ ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭГДСЭН
-УИХ-аас байгуулагдсан Түр хорооноос Хөгжлийн банкны асуудлаар гурав дахь удаагийн сонсгол зохион байгуулж байна. Сонсголын явцад Хөгжлийн банкны оролцоо бүрэн хангагдаж чадаж байна уу. Та сонсголын үйл явц дээр ямар дүгнэлттэй байна?
-УИХ-ын Түр хорооны сонсголыг бид маш зөв зүйтэй ажил болж байна гэж харж байгаа. УИХ дээр өргөн цар хүрээтэй хийж буй анх удаагийн сонсгол. Үүнийг иргэд олон нийт хараад цэгцтэй, тодорхой мэдээллийг авч чадаж байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ энэхүү сонсголыг хийхийн тулд маш их бэлтгэл ажил шаардсан. Хагас жил шахуу хугацаанд түр хорооноос томилогдсон шинжээч нар манай банканд ажилласан, одоо ч ажиллаж байна. Бид банкнаас гаргаж өгөх шаардлагатай бүхий л баримт, материалаас гадна тайлбаруудыг нь ч хэлж өгч байгаа.
Миний харж байгаагаар, сонсголоор өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд юу болов гэдгийг нотлох баримттайгаар гаргаж ирлээ. Үүнд суурилаад дараагаар нь бид ямар алхам хийх вэ. Хөгжлийн банк байх ёстой юу үгүй юу, байх ёстой бол цаашид ямар дүрэм журам зохицуулалтын хүрээнд ажиллах вэ гэдгийг тодорхой гаргаж ирэх шаардлагатай юм билээ. Энэ ажлыг банк дотооддоо хийгээд, тодорхой саналуудыг боловсруулаад явж байна.
-Өмнө хэлсэнчлэн зээлийг зориулалт бусаар зарцуулсан гэх дүгнэлтийг шинжээч нар гаргаж тавьсан. Зарцуулалт тал дээр энэ асуудал хөндөгдөхөөс өмнө ХБ-наас хэрхэн ажиллаж байсан юм бэ?
-Шуудхан хэлэхэд, энэ тал дээр Хөгжлийн банк маш хангалтгүй ажилласан юм билээ. Хөгжлийн банкнаас гаргаж буй зээл бол бусад арилжааны банкуудын гаргаж буй зээлтэй харьцуулахад хөнгөлөлттэй зээл гэсэн үг шүү дээ. Үүнийг Засгийн газар, УИХ-аас тодорхой хөтөлбөр баталж, түүний хүрээнд зээл олгож байна гэсэн үг. Гэтэл олгож буй банк маань өөрөө зарцуулалт тал дээр нь хяналтаа тавих ёстой ч энэ чиглэлд хяналт, мониторинг хийгээгүй юм билээ. Бид өмнөх материалуудаа ч харж судаллаа. Арилжааны банкуудаар дамжуулан өгсөн зээлүүдийн тухайд, арилжааны банк Хөгжлийн банк хооронд гэрээ байгуулдаг байсан юм байна. Тухайн гэрээнд Хөгжлийн банк энэхүү зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавина гээд заагаад өгчихсөн. Үүний дагуу арилжааны банкууд Хөгжлийн банканд зээлийг хэрхэн ашигласан тал дээрх тайланг нь гаргаж ирүүлдэг юм байна. Гэтэл манай архивт байгаа тайлан гээд байгаа нь тухайн арилжааны банкны зохистой харьцаагаа хангаж байна уу гэдэг л тайлан. Тухайн зээл хөтөлбөрүүд нь үнэхээр үр дүнтэй болж байна уу гэдэгт ямар ч баримт байхгүй байна. Бид цаашид маш нарийн анхаарах ёстой. Яагаад гэвэл Хөгжлийн банкнаас гарч буй зээлийн эх үүсвэр нь Монгол Улсын төрийг, нэрийг барьж гаднаас босгосон зээлүүд юм. Түүнээс биш ямар нэгэн хувийн мөнгөн хөрөнгө биш, нийт ард иргэдийн өр болж үлдэх хөрөнгө байгаад л гол учир байгаа юм.
-Сонсголын үеэр удирдлагууд болон хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн гишүүдийн зүгээс эргэн төлөлт хийгдсэн цаг хугацаа, шүүхэд шилжсэн байдал зэрэгт зөрүүтэй мэдээлэл өгөх байдал ажиглагдсан. Танд энэ тал дээр эцэслэгдсэн мэдээлэл байвал өгөхгүй юу?
-2022 онд эргэн төлөлт идэвхэжсэн болохыг би тоон мэдээллээр хэлье. 2019 онд банканд 544 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэнээс 9 хувь буюу 48 тэрбум нь чанаргүй зээл. 2020 онд 352 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс 9 хувь буюу 31 тэрбум нь чанаргүй зээлийнх. 2021 онд 494 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс 2 хувь буюу 8 тэрбум нь чанаргүй зээл. Харин 2022 онд нийт 1 их наяд 86 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс 72 хувь буюу 776 тэрбум нь чанаргүй буюу ангилал буурсан зээлийнх байсан.
Бид эргэн төлөлтөө хангуулахын тулд маш олон зээлдэгчийн асуудалд иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлээд явж байгаа. Өнгөрсөн удирдлагуудын хувьд жишээ аваад хэлэхэд, Б.Батбаяр захирлын үед 8 зээлдэгчийг шүүхэд өгсөн байдаг. Г.Амартүвшин захирлын үед 8 зээлдэгчийг шүүхэд өгсөн. н.Мөнхсүх захирлын хувьд 7 зээлдэгчийг шүүхэд өгсөн бол миний хувьд 20 зээлдэгчийг шүүхэд өгсөн. Үүнээс цаг хугацаа өнгөрөх тусам зээлүүд чанаргүй болоод явсан нь харагдаж байгаа юм. Бид өнгөрсөн онд шүүх дээр хийгдсэн нэг ажиллагаа үр дүнтэй болсон. Шүүхээс эцэслэн шийдэгдсэн тоог харвал, Б.Батбаяр захирлын үед дөрөв, Г.Амартүвшин захирлын үед гурав, Мөнхсүх захирлын үед гурав, миний үед 22 зээл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Бид шүүхэд зөвхөн нэхэмжлэл гаргаад явах бус хууль хяналтын байгууллагуудтай нягт ажилласны дүнд гарсан үзүүлэлт гэж харж болно.
-Өөр нэг асуудал нь зээл олголтын асуудал байлаа. Зарим төсөл хөтөлбөрүүдийн тухайд ХБ анхнаасаа эрсдэлтэй, ТЭЗҮ байхгүй, зөрүүтэй, хувь эзэмшигч нь чанаргүй зээлийн байхад хүртэл зээл олгочихсон юм билээ. Үүнтэй холбоотойгоор танай өмнөх удирдлагуудаас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа болон одоо ХБ-нд ажиллахаа больсон албан тушаалтнуудыг сонсголд гэрчээр дуудсан. Үүнээс харахад, тухайн үеийн ХБ дотооддоо хяналтгүй байсан юм биш үү. Бид зээлдэгч л гэдэг дээр анхаарал хандуулаад байгаа болохоос чанаргүй зээл гаргахад Хөгжлийн банкны тухайн удирдлагууд өөрсдөө гар бие оролцчихсон байна?
-Энэ бол зээлдэгч дангаараа аваад үүсгэчихсэн асуудал биш шүү дээ. Эрх бүхий албан тушаалтнууд оролцоод, хууль бус гэх асуудал гарч ирж байна. АТГ-аас нэлээн удаан хугацаанд ажиллаж, 20 зээлдэгчтэй холбоотой 80 иргэн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болох гээд хүлээж байна. Эдгээр 80 хүний бараг тал орчим нь Хөгжлийн банканд өмнө нь алба хашиж байсан албан тушаалтнууд. Гэмт хэргийн шинжтэй асуудлууд нь шүүхээр шийдвэрлэгдэх ёстой.
Өмнө нь ёс зүйн алдаа гаргаж, Хөгжлийн банкийг ийм байдалд оруулсан хүмүүс нь буруугаа хүлээх ёстой гэж бодож байна. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана.
ХӨГЖЛИЙН БАНКАНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ДУТАГДААГҮЙ. ХАРИН ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГАХ ТАЛ ДЭЭР БАНКНЫ ЗҮГЭЭС ХАНГАЛТГҮЙ АЖИЛЛАСАН БАЙНА
-2020 он болон 2022 онд Хөгжлийн банканд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт хоорондоо ижил гэдэг юм билээ. Тэгвэл 2020 оны ажлын хэсгийн дүгнэлт дээр сайн ажиллаж чадсан бол ХБ-ны одоогийнх шиг нөхцөл байдал бий болох байсан болов уу гэдэг дээр Та ямар бодолтой байна?
-Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулах хугацаандаа хоёр хуулийн орчинд ажилласан. Нэг нь 2011 оноос хэрэгжиж эхэлсэн хууль. Нөгөө нь 2017 онд шинэчлэн найруулсан хууль. 2017 оны хууль батлагдсанаас хойш Хөгжлийн банканд Засгийн газар, аудит, Монголбанк гэх мэтчилэн албан ёсоор долоон удаагийн шалгалт орсон байдаг. Эдгээр шалгалтаар нийт 480 гаруй зөрчил илрүүлсэн. Тухай бүрд хангаж ажиллах албан үүрэг өгсөн байдаг. Шинэ удирдлага ажлаа аваад эдгээр зөрчлүүд хэрхэн хангагдсан бэ гэдгийг тооцоод үзэхэд, 40 гаруй хувьтай байсан. Одоогоор 64 хувьтай үргэлжилж байна. Хөгжлийн банканд хяналт, шалгалт дутагдаагүй. Харин ч маш их орсон. Гэхдээ тухайн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах тал дээр банкны зүгээс ямар нэг зүйл хийгээгүй, дутуу хангалтгүй ажилласан байна. Нөгөө талдаа арилгуулах тал дээр тухайн хяналт шалгалт хийсэн газрууд нь шаардлага тавьж ажиллаагүй байна гэдэг нь бодит факт дээр л харагдаж байгаа юм.
2020 онд манайд шалгалт ирсэн талаар тайлан ирээгүй. 2022 оны шалгалтыг Монголбанк дангаараа хийсэн. Тайландаа 2020 онд нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн зөрчил илрүүлсэн. Ингэхдээ энэхүү шалгалтын материалыг Засгийн газар албажуулж өгөөгүй гээдгийг тайланд дурдсан байсан. 2022 онд ч мөн ялгаагүй 1.8 их наядын чанаргүй зээл байна гэдгийг дурдсан байна.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал аль 2020 онд байсан байна. 2022 онд дорвитой ахиц дэвшил гараагүй байж. Бид энэ онд гаднын бондын эргэн төлөлтийг хийх ёстой. Хэрвээ энэхүү ажлыг аль эртнээс магадгүй 2020 оны шалгалтаар хийж эхэлсэн бол бид арай өөр нөхцөл байдалд байх байсан болов уу.
Мөн Засгийн газар хуулиараа хоёр жил тутамд манайд шалгалт хийдэг. Аудит жил тутам хийнэ гэсэн заалт байдаг. Хэрэгжээд ч явж байгаа.
-Та хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай гэх агуулгыг ярилаа. Тодруулбал?
-Бидний зүгээс ТУЗ болон Засгийн газарт хуулийн өөрчлөлтийн саналаа дахин хүргүүлэхээр бэлтгэж байна. 2022 оны нэгдүгээр сард Сангийн яам руу хуулийн саналаа хүргүүлсэн. Хуулийн тал дээр хэрхэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй өнөөдрийг хүрлээ. Банкны зүгээс хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байгаа. Хэд хэдэн зарчмын асуудал байна.
Нэгдүгээрт, ямар төсөл санхүүжүүлэх вэ гэдгийг УИХ болон ЗГ шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл, Хөгжлийн банк бол гадаадаас эх үүсвэрээ босгож зээл гаргадаг. Хэрвээ Хөгжлийн банк гадаад талдаа зээлээ төлж чадахгүй бол Монгол Улсыг дефолт руу чирнэ. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч бидний халааснаас тухайн мөнгө гарна гэсэн үг. Хөгжлийн банкны гаргаж буй зээл нь улс орны хөгжилд зориулагдсан байх ёстой. Үүнийг мандаттай, ард түмнээс сонгогдсон УИХ, ЗГ тодорхойлох ёстой. Түүнээс биш хэн нэгэн иргэн хөгжлийн төсөл мөн эсэхийг хэлэх мандат ёс зүйн хувьд байхгүй гэж бодож байна. Өмнөх алдааг давтаж болохгүй. УИХ, ЗГ хөгжлийн төслийг санхүүжүүлж болно гэж зааж өгсний дагуу Хөгжлийн банк өөрөө санхүүгийн дүн шинжилгээгээ хийж хангалттай баталсны үндсэн дээр зээлээ гаргах ёстой. Харин зээл гаргах шийдвэрийг Хөгжлийн банк хараат бусаар гаргах ёстой. Ийм зарчмын асуудлыг хуульд тусгах ёстой.
Хоёрдугаарт, хяналт шалгалтын асуудал. Хяналт шалгалт хийх субъект нь Засгийн газрын хувьд санхүүгийн хяналт нь Сангийн яамд байдаг. Гэтэл Сангийн яам нь манай банкны хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг биелүүлээд явж байгаа юм. Өөрөө өөрийгөө шалгах гээд байна гэсэн үг шүү дээ. Энэ нь зарчмын хувьд буруу шийдэл. Хяналт тавих субъект нь өөрөө Хөгжлийн банкны бодлогыг боловсруулж, чиглүүлж байгаа тэрхүү субъектээс тусдаа байж үр дүнтэй болно. Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж байна уу гэдэгт явцын хяналт тавих ёстой.
Гуравдугаарт, засаглалын асуудал. Хөгжлийн банкийг 2011 онд Солонгосын менежментийн баг удирдаж, хөл дээр нь босголцсон. Нэг жилийн дараа тухайн багийг манай Засгийн газар явуулчихсан. Хөгжлийн банкны өмнөх болон одоогийн хуульд гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж томилно гэсэн заалт Солонгосын баг явснаас хойш хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, үе үеийн Гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнууд легитм чадамжгүйгээр ажиллаж ирсэн гэсэн үг. Жишээлбэл, би өөрөө үүрэг гүйцэтгэгч. Легитм чадамжгүй удирдлага яаж зөв, хараат бусаар шийдвэр гаргах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс хуулийн эл заалтаа биелүүлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах ёстой. Тэгж байж хараат бусаар зээлийн шийдвэр гаргах чадамжтай хүн энэ байгууллагыг удирдана. Түүнээс биш хэн нэгэн сайдын тохироо дундаас албан тушаалд дэвшсэн хүмүүс томилсон хүнийхээ үгийг дагахаас өөр аргагүй байдалд орно гэж харж байна.
-УИХ, ЗГ хөгжлийн зээл мөн эсэхийг шийддэг байвал дахиад л улс төрчдийн гараар орчихгүй юу?
-Хуульдаа заагаад өгчхөж болно шүү дээ. Ямарваа нэгэн төрийн өндөр албан тушаалтантай холбоо хамаарал бүхий этгээдэд зээл олгохгүй гээд заачхаж болно. Хөгжлийн банк өөрөө хамаарлыг нь тогтоогоод, зээл олгох эсэх шийдвэрээ өмнө гаргаж болох байсан. Энэ бол банк дотооддоо хийж болох ажлууд. Гэвч хийж чадаагүй. Гаргалгааны хувьд, банк дүрэм журмаараа хийж болно. Үнэхээр энэ нь практик дээр ажиллахад хүндрэлтэй гэж үзвэл хуульдаа тусгаад өгчхөж болно. Энэ мэт олон агуулга байгаа.
ТАТАН БУУЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД НЬ ХӨГЖЛИЙН БАНКНААС 140 ГАРУЙ САЯ ТӨГРӨГӨӨР ДАВХАР ЦАЛИНЖСАН Ч АЖЛАА ХИЙГЭЭГҮЙ
-Нэр бүхий албан тушаалтнууд охин компаниас давхар цалинжсан зөрчил ч илэрсэн талаар сонсголын үеэр шинжээч танилцуулсан. Танд энэ тал дээр ямар мэдээлэл байна?
-Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд гарсан алдаа завхралын нэг гэдэг нь харагдаж байна. 2020 онд Хөгжлийн банкны хоёр охин компанийг татан буулгах Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дагуу тус бүрт нь татан буулгах комисс томилсон байдаг. 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй эл комиссын тал орчим нь тухайн үедээ Хөгжлийн банкны удирдлагад ажиллаж байсан албан тушаалтнууд өөрсдөө. Үлдсэн нь Хөгжлийн банканд ажиллаж байсан ажилтнууд. Дунджаар таван сая төгрөгийн сарын цалинтай. Өөр ажил эрхлэхээс үл хамаараад давхар цалинжуулаад явчихсан. Татан буугдсан, ажлаа хийгээгүй. Үндэсний аудитын газраас нэг охин компанид нь шалгалт хийж, энэхүү мөнгөө олж ав гээд акт тавьсан. Тэгэнгүүт нь компани нь төсөв рүү 140 гаруй сая төгрөгийн төлөлт хийчихсэн байгаа. Одоо охин компани нь татан буулгах ажлын хэсгийн гишүүдээс мөнгөө нэхэмжлээд явж байна. Иймэрхүү жишээ маш олон байгаа.
-Гурав дахь сонсголоос гарах үр дүнд та ямар хүлээлттэй байна вэ?
-Сонсголоос Хөгжлийн банкны эргэн тойронд ямар асуудал болоод өнгөрөв гэдэг талаар олон нийт цэгцтэй мэдээлэл авах ёстой. Ингэж байж цаашид бид ийм алдааг дахин гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. Түр хороо гурван удаагийн сонсголын тайланг гаргахдаа өмнөх алдаа дутагдал юунаас болсон бэ гэдгийг оношилж, тухайн тайлан дээр үндэслэн хуулиар эсвэл засаглалаар хэрхэн засах боломж байна вэ гэдэг төлөвлөгөө гаргах байх. Хамгийн гол нь дахин алдаа гаргахгүй байх механизмаа бүрдүүлэхэд Түр хороо болон нээлттэй сонсгол чухал ач холбогдолтой.
-Банк ер нь цаашид үйл ажиллагааны хувьд доголдолгүй, хэвийн ажиллах чиглэлд дотооддоо ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Манай банк энэ жил төвлөрч ажиллах хамгийн гол ажил маань гадаадын эргэн төлөлтийн асуудал. Эргэн төлөлтөө хийснээр банк цаашид хэвийн ажиллах нөхцөл бүрдэнэ. Дараа нь хуулийн өөрчлөлт, банкны дотоод бодлогууд гэх мэтчилэн зүйлсийг шинэчлэх шаардлагатай. Гэхдээ зөвхөн хууль гээд хараад суух биш дотоодоосоо хийх боломжтой зүйлсээ хийгээд явж байгаа. Тухайлбал, өмнө нь зээлийн хувийн хэргүүд цаасаар аль нэг мэргэжилтний шүүгээнд хадгалагддаг байсныг цахимжуулсан. Ингэснээр дараа дараагийн шалгалт, асуудал үүслээ гэхэд нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой. Өнгөрсөн хугацаанд зээлийн баримт материалаас зарим баримт алга болсон асуудлууд багагүй гарсан. Бид өмнө нь хийсэн хэд хэдэн алдаатай гэрээнүүдийг заслаа. Гэхдээ малгай хууль дүрэм маань өөрчлөгдөж байж түүнийгээ дагасан зөв механизмтай болох ёстой.
“ШҮГЭЛ” АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСЭГТ БАГТАЖ АЖИЛЛАЖ БАЙГАА ГИШҮҮД ДОЛОО ХОНОГ БҮРИЙН БААСАН ГАРАГИЙН ӨГЛӨӨ 11-11 ТӨВД АЖИЛЛАНА
-Таны хувьд Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэгт багтсан юм билээ. Ажлын хэсгийн хуралдаан болсон гэсэн. Ажлын хэсэг хамгийн эхний ээлжид ямар чиглэлд ажиллахаар төлөвлөсөн байна вэ?
-Өчигдөр Ажлын хэсэг анхны мэдээллээ хийсэн. Ажлын хэсэгт багтаж ажиллаж байгаа гишүүдийн тухайд долоо хоног бүрийн Баасан гарагийн өглөө 11-11 төвд ажиллана. Бид сэтгүүлчид, олон нийт иргэдтэй олон удаагийн уулзалт зохион байгуулна. Судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж авлига хаана ямар салбарт, ямар процесст их гардаг вэ гэдэгт судалгаа хийнэ. Ажлын хэсэгт хууль хүчний байгууллагуудын удирдлагууд байгаа. Бид ноцтой мэдээллүүдийг “Шүгэл” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллага руу шилжүүлэх зэрэг олон ажил төлөвлөөд байна.
Эх сурвалж: www.ubn.mn