С.Нарангэрэл: Судлаачид эрсдэлийн магадлалыг 20-30 жилийн өмнөөс сануулж байгаа
Улаанбаатар хотод энэ зун нэг бус удаа үер бууж, ихээхэн хохирол учраад байгаа билээ. Гэтэл энэ эрсдэлийг одоогоос 15 жилийн өмнө докторант С.Нарангэрэл судалгаандаа тусгаж, холбогдох зөвлөмжийг ч гаргаж байжээ. Гэвч бодлого боловсруулдаг дарга нар нь эрдэмтдийнхээ үгийг сонсдоггүйн балгаар иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Энэ талаар ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын дарга, докторант С.Нарангэрэлээс тодрууллаа.
-Сүүлийн үед байгалийн гамшигт үзэгдэл их тохиох болжээ. Энэ нь юутай холбоотой вэ?
-Сүүлийн 4-5 жилд байгалийн гамшигт үзэгдэл дэлхий дахинд их тохиолдож байгаа. Олон улсын эрдэмтдийн судалгаанаас харахад энэ бүхэн нь уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотой байна. Монгол Улсад гэхэд агаарын температурын дундаж 2.4 хэмээр нэмэгдэж, дулаарсан. Уур амьсгалын дулааралд хамгийн эмзэг бус нь Монгол Улс. Хэт халалтаас үүдээд үерийн асуудал үүсч байна. Сүүлийн гурван жилд Улаанбаатар хотод дараалан үер буулаа.
Саяхан болсон үер нь 1966, 1982 онд болсон үертэй дүйцэхүйц байлаа. Харин ялгаа нь тухайн үед хотод төвлөрөл бага байсан бол одоо 1.5 сая хүн амтай болсон байна. Эдгээр хүмүүсийн 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, үерийн усанд өртөх эрсдэлтэй хэсэгт маш олон хүн амьдарч байна. Мөн хотод норм стандарт, инженерийн барилга байгууламж байхгүй гэж хэлж болохуйц болсон. Үүнтэй холбоотойгоор хот усанд автах асуудал түгээмэл тохиолдож байна.
-Энэ эрсдэлийг судалсан судалгаа хэр байдаг вэ?
-Манай судлаач эрдэмтэд үерийн эрсдэлийг судалсан. Улаанбаатар хотын аль хэсэг үерт өртөх эрсдэлтэйг тогтоогоод гаргачихсан байгаа. Харамсалтай нь төр засгийн зүгээс судлаач эрдэмтдийн үгийг сонсдоггүй.
Одоогоос 15 жилийн өмнө хийсэн “Улаанбаатар хотыг үерээс хамгаалах арга зам” сэдэвт миний судалгаанд Дарь-Эх, Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн мянгад уулын уруйн үер буух эрсдэлтэйг тусгасан байгаа. Мөн эдгээр газрын газар олголтыг цэгцлэх шаардлагатайг байгааг зөвлөж, энэ хэсгийн инженерийн барилга байгууламжийг сайжруулж, өргөтгөх шаардлагатай байгааг ч тусгасан.
Гэвч энэ дагуу ямар нэгэн ажил хийгээгүйн гороор хэд хоногийн өмнө энэ хэсэгт үер бууж эрдэнэт хүний амь эндэж, олон хүн хохирол амслаа.
-Эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсохгүй байгаагийн шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?
-Аливаа улс орны хөгжлийн суурь асуудлыг физик, газарзүй, нийгэм, эдийн засгийн суурь ухагдахууныг судалж, судалгаанд үндэслэн төлөвлөлт гаргаж, бодлого боловсруулах нь чухал. Үүний ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүйтэй холбоотой байх.
Одоогоор Улаанбаатарт ямар ч стандарт, эрсдэлээс хамгаалах нэгдсэн бодлого алга. Судлаачдын зүгээс өөрсдийн судалгаан дээр үндэслэн байгалийн гамшиг тохиож ямар эрсдэл бий болох магадлалтайг 20-30 жилийн өмнөөс сануулж байгаа. Харин эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсч, хот төлөвлөлт, урьдчилан сэргийлэлт дээр хамтран ажиллаж, судалгааны үр дүнг тусгадаг болмоор байна.