Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд үйлдвэрүүдтэй танилцлаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Энхтуяа, Г.Очирбат, Д.Батбаяр, М.Бадамсүрэн, Б.Уянга, Д.Бум-Очир нар Дархан хотод ажиллалаа. Энэ үеэрээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болон харьяа газрын удирдлагууд Засгийн газрын бодлого чиглэлийн хүрээнд салбартаа хэрэгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн билээ.
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ үндэсний үйлдвэрлэгч “Дархан нэхий” ХК-иар зочиллоо. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Батсайхан тэднийг хүлээн авч үйлдвэртэйгээ танилцуулан, бүтээгдэхүүний чанар, стандарт, үйлдвэрийн хүчин чадлын талаар мэдээлэл өгсөн юм.
“Дархан нэхий” ХХК нь 1972 онд Монгол, Болгар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Нэхий Эдлэлийн Үйлдвэр нэртэйгээр байгуулагджээ. Тус компани өнөөдөр үйлдвэрлэлийн дөрөв, үйлчилгээний дөрөв нийт найман охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар Э.Батсайхан онцоллоо. “Дархан нэхий” ХК-ийн үйл ажиллагааг түшиглэн 70 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон зөв шийдвэр болсон талаар хэлээд дэмжлэгийг салбар бүрийн үйлдвэрүүдэд тэгш олгох шаардлагатайг сануулж байлаа.
“Дархан нэхий” ХК нь Евро стандартад нийцсэн, байгальд ээлтэй, эко технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулж, экологийн шаардлага хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн болох нэхий дээл, гутал, нэхий бүтээгдэхүүн, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж байна.
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд “Дархан нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсаны дараа үндэсний үйлдвэрлэгч “Өег гурил” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компани дэлхийн гурил үйлдвэрлэлийн тэргүүлэх “Алапала” группын техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж байгаа талаар компанийн захирал А.Батсуурь мэдээлэл өглөө.
“Өег гурил” ХХК нь ISO9001:2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэрлэлдээнэвтрүүлж, Монгол Улсын нийт гурилын хэрэгцээний 30 гаруй хувийг дангаар ханган, үйлдвэрлэлээ явуулж байна. Өдөрт 150 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг онцоллоо. Тус компанид 270 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль гурил үйлдвэрлэгч нарт хүнд цохилт болж, борлуулалт эрс буурч, ажлын байраа цомхотгохоос эхлэн аж ахуйн нэгжүүд хаалгаа барих гол шалтгаан болж байгаа талаар компанийн зүгээс мэдэгдлээ.