Өглөөний “CҮНСНҮҮД”

Хөл хорионы үед хязгаарлалтгүй ажиллаж буй салбаруудын нэг нь хүнсний худалдаа. Ажил орлого тасалдсан энэ өдрүүдэд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний /мах, гурил, будаа, өндөг, сүүн бүтээгдэхүүн…/ үнийг хөөрөгдөхгүй  байх чиглэлийг Засгийн газраас өгсөн. Үүнийг хэрэгжүүлж ажиллуулахаар ШӨХТГ-ын хэдэн  байцаагч махны бөөний худалдааны гол цэг болох “Шонхор” захад  ажиллаж буй.

Гэхдээ хуулиар хүлээсэн эрх хэмжээ, хүн хүчний дутагдалтай байдал нь архаг ченжүүдийн өмнө хүчин мөхөстөж эхэлжээ. Ямар сайндаа л  ШӨХТГ-ын байцаагчдыг “өглөөний сүнснүүд” хэмээн тохуурхаж байх вэ. Өглөө бүр үүр цүүрээр үүдэнд нь очоод зогсчихдогоос тэднийг өөр хоорондоо сүнс гэж нэрлэн ярилцдаг болсон нь энэ аж.

 

30 жил яг л энэ зарчмаар, хяналтаас гадуур явж ирсэн бөөний махны зах зээлийг нэг л өдөр өөрчилж хүчрэхгүй нь мэдээж. Тэнд үнийн хөөрөгдлөөс гадна эрүүл ахуйн наад захын стандарт байхгүй. Гутлаараа туучиж, ил задгай зөөвөрлөсөн махыг нийслэлчүүд авч иддэг. Тэгвэл “Хүчит  шонхор” зах махны зах зээлд хэзээнээс монополь байдал тогтоосныг судалж үзлээ.

Одоогоос  7 жилийн өмнө буюу 2014 онд  тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл “Хүчит шонхор” захын ажиллах цагийг үүрийн 05:00 цагт эхлүүлэх тухай захирамж гаргажээ.  Энэ бол орон нутгаас нийслэлийг зорьсон бөөний махны худалдаа ганцхан “Хүчит шонхор”  зах дээр төвлөрч, давуу  эрх эдлэх, үнээ үгсэн  тогтоох нөхцлийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, үүрээр онгойх энэ зах хотынхны хэрэгцээг бусдаас түрүүлэн хамж, бусад захын махны худалдаачид, иргэн бүр “Хүчит шонхор”-оос хамааралтай болох нөхцлийг бүрдүүлжээ.

 

 

“Хүчит шонхор” ХХК   давамгай байдалтай аж ахуй нэгж нь болох нь тогтоогдсон 

“Хүчит Шонхор” ХХК нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулсныг ШӨХТГ-аас олон удаагийн хяналт шалгалтын  үр дүнд  тогтоож байсан. Тодруулбал тус компанийг  2020.07.02-ны өдрөөс “Махны худалдааны түрээсийн зах зээл”-д давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон юм. Ингэснээр  Өрсөлдөөний тухай хуулийн 7 зүйлд зааснаар  Давамгай байдлаа хууль бусаар ашиглахыг  хориглох  эрхзүйн үндэс бүрджээ. Тус хуульд:

7.1. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

7.1.1. Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах

7.1.2. Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох

7.1.3. Аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, Зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй… хэмээн  тус тус заажээ.

Гэвч 30 жил элдэв хяналтгүй дураараа дургисан Хүчит шонхорынхонд энэ нь таалагдсангүй. Хутга заазуураа ирлээд “нэгийгээ үзчихэе” хэмээн  наймаачдаа турхирч  тэс хөндөлсөөд хэвтчихэв.

 

 “Хүчит шонхор” ХХЗ-ийн хуьцаа эзэмшигч нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан

Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлчүүдийн махны зах зээлийг базсан Хүчит шонхор ХХК-ийн эзэн нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы аав н.Тогтмол. Компанийн хувьцаа эзэмшигч нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, төрсөн ах Т.Сайнхүү нар.

Ковид19-ийн халдварыг дотооддоо алдан, хатуу хөл хорионд орж байх үед  салбарын сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайханыг  ковид-ыг далимдуулан монополь компаниараа үнэ тогтоож, төрийн шийдвэрийг үл тоож  байна гэхээр итгэхэд бэрх.

Тэр ч бүү хэл харьяа дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байсан нь шалгалтаар илэрчээ. Тодруулбал  зөвшөөрлийн хугацаа 2020 оны 6-р сарын 13-ны өдөр дуусгавар болсноос хойш энэ зөвшөөрлөө авалгүй  бүтэн нэг жил үйл ажиллагаа явуулсан  байх юм.

 

 

 

 

ШӨХТГ-аас “Хүчит шонхор” ХХК-д хоёрхон шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт махны үнийг тогтмол байлгах,  хоёрдугаарт,  махыг эрүүл ахуйн шаардлага хангахгүй  нөхцөлд гадаа  зөөвөрлөж тээвэрлэн, ачиж буулгахаа зогсоох.Өдрийн орлого нь тэрбумаар  хэмжигддэг тус зах дээрх хоёрхон  шаардлагыг биелүүлэхэд  алдагдалд орох, ашиггүй болох эрсдэл энгийн логикоор бодоход харагдахгүй байна.

Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал хашиж ирсэн Т.Мөнхсайханы гэр бүлийн компанийн өмнө төрийн  шийдвэр хүчгүйдэж,  олон нийтийн эрх ашгиийн төлөө  ажлаа  хийж яваа байцаагчид  сүнс сүүдрээрээ дуудуулан, доромжлуулсаар  байх уу?

 

 

 

С.ОТГОН 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *