Монгол залуусыг Японд сурган дадлагажуулах чиглэлд хамтрах талаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа сүүлийн өдөр “Onodera User Run” компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Манай улс ойрын жилүүдэд хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө оруулалтын төслүүд, томоохон бүтээн байгуулалтад чадварлаг, мэргэжилтэй ажилтнууд чухал шаардлагатай байгаа билээ. Монгол залуусыг төрөл бүрийн мэргэжлээр Японд сурган дадлагажуулж, эргээд эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээрээ хувь нэмрээ оруулах боломжоор хангах, энэ чиглэлд хамтран ажиллах талаар тус компанийн төлөөлөгчидтэй ярилцлаа. Энэ үйл ажиллагаанд орон нутгийн залуусыг хамруулж, бүсийн нутаг, аймгууд дахь мэргэжлийн төвүүдэд түшиглэн мэргэжлийн анхан шатны арга барилд сургахын зэрэгцээ япон хэлний мэдлэг олгож, улмаар тодорхой хугацаанд дадлагажуулах цогц хөтөлбөрийг ямар нэг төлбөр, зуучлалын хөлсгүйгээр явуулах боломж буйг тус компанийн төлөөлөгчид илэрхийлэв. Залуус өндөр хөгжилтэй оронд сурч, шинэ техник, технологи, нөү-хау эзэмших нь манай орны ирээдүйн хөгжилд шаардлагатай мэдлэг, ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Нөгөөтээгүүр “хүн төвтэй” хоёр орны Тусгай стратегийн түншлэл бүхий харилцааг ирээдүйд хөтлөн явуулах залгамж халааг бэлдэх давхар өгөөжтэй тул төлөөлөгчдийг ойрын хугацаанд Монгол Улсад хүрэлцэн ирж нөхцөл байдалтай танилцан, судалж үзэхийг хүслээ гэж ГХЯ-наас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *