Нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдах уу?
Монгол Улсын долоо дугаар удаагийн Ерөнхийлөгчийн Сонгууль уламжлалын дагуу нэр дэвшигчдийн мэтгэлцээнээр ухуулга сурталчилгааны хаалтаа хийх билээ.
Тэгвэл энэ удаагийн нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг 6 дугаар сарын 7-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөж, МҮОНРТ иргэд сонгогчдоос асуулт хүлээн авч эхлээд байсан юм.
Харамсалтай нь Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшин өрсөлдөж буй Д.Энхбат болон түүний гэргий Д.Оюунцэцэг нарын коронавирусийн тест эерэг гарсны улмаас энэ удаагийн мэтгэлцээн хэрхэн зохион байгуулагдах нь тодорхойгүй болоод байна.
Тухайлбал, Д.Энхбат болон түүний багийнхан Дархан-Уул аймагт сурталчилгааны ажлаар явж байгаад халдвар авсан байна. Улмаар тус аймаг дахь “Зөв ХҮН электорат” эвслийн анхан шатны нэгжийн дарга халдвар авсан байжээ.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн түүхэнд анх удаа мэтгэлцээний өмнө аль нэг нэр дэвшигч биеийн байдлаасаа болон тусгаарлалтад орж, мэтгэлцээн цахим хэлбэрээр явагдах аль эсхүл бүр зохион байгуулагдахгүй байх нөхцөл үүсээд байна.
МҮОНРТ-ийн зүгээс одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд нэр дэвшигч Д.Энхбат мэтгэлцээнийг цахим хэлбэрээр явуулах санал тавиад байсан юм.