М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулж буй олимпын оноо олгох хамгийн сүүлийн тэмцээн болох 2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод эхэллээ.
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд зодоглосон МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Косовогийн бөх Красникиг торгуулиар ялснаар ДАШТ-ий дөрөв дэх медалиа хүртлээ. Тэрээр ДАШТ-ээс 2013 онд алт, 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.
Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт 2021 Ташкентийн гранд сламын хүрэл медальт Сербийн Милица Николичтэй учраа таарч торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа. Эрэгтэйчүүдийн -60кг жинд анх удаагаа дэлхийн аваргад зодоглож буй залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт 2018 оны Европын залуучуудын аварга Украйны Дилшот Халматовийг цэвэр, АНУ-ын Адонис Диазийг, Эквадорийн Ленин Пресиадо нарыг тус тус цэвэр ялж шөвгийн 4ийн төлөөх барилдаанд 2019 оны Абу Дабигийн гранд сламын алт, 2021 оны Тель Авивын гранд сламын хүрэл медальт Казахстаны Гусман Кыргызбаевт цэвэр ялагдснаар дагаж барилдахаар болсон юм. Дагах барилдаанд Азарбейжаны Карамат Хусейнов вазари үнэлгээгээр ялагдснаар шагналт 7-р байрт шалгарлаа.
Тэмцээний эхний өдөр манай баг тамирчид 1 хүрэл медаль /МУГТ М.Уранцэцэг/ нэг шагналт 7-р байр /ОУХМ Л.Өнөболд/ гэсэн амжилтаар дэлхийн аваргад оролцож буй 118 орноос 5-р байрт жагсаж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -52кг, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү нар барилдана.