Ж.Ганбат: 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан гэдэг ЭТТ-оос гаргасан мэдээ биш
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ил тод байдлыг сайжруулах чиглэлээр хийж буй ажлаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш Эрдэнэс Тавантолгой ХК 341.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулжээ. Энэ байдал ч эрчимжиж 11-р сард 205.5 сая тонн ам.долларын 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг нь Гашуунсухайт боомтоор экспортолсон тухай мэдээллээ.
Цаг үеийн шинжтэй, олон нийт, сэтгүүлчдийн анхаарлын төвд байгаа нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан дараах мэдээллийг өгсөн. Тодруулбал,
“Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн талбайд байрлах нүүрсний овоолгоос нүүрс дутсан нь үнэн. Нийт 268.3 мянган тонн нүүрс дутсан. Энэ асуудлыг өнгөрсөн сарын 22-нд Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулах хүсэлтийг тавьсан, шалгаж байгаа.
Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайгаас дутсан нүүрсийг “Тавантолгой” ХК-ийн хамтарсан ажлын хэсгийн тайлангаар баталгаажуулсан. Гэвч нягтлан бодох бүртгэлийн тайлан балансад бүртгээгүй. Гэм буруутай этгээдийг тогтоож, хохирлыг барагдуулаагүй. Уг хэргийг одоог хүртэл цагдаагийн байгууллага шалгаж байгаа .
Нүүрсээ ам нөхцлөөр биш хилээр гаргадаг болно
Ирэх оны гуравдугаар сар гэхэд нүүрсээ биржээр зарж эхлэх учир Цагаанхадны тээврийн дамжлага шаардлагагүй болно гэж мэдээлсэн. Энэ шийдвэр боломжтой эсэх талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Богино тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэв. Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байна.
Өдрийн дундаж ачилт 700 машин буюу 74.2 мянган тонн бож нэмэгдсэн. Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгслийн 100.8 мянган тонн нүүрсийг ачуулсан. Өмнө нь ам нөхцөлөөр нүүрс зарахад худалдан авагч тал нь өөрсдөө тээвэрлэлтээ хариуцаж, ачиж явдаг байсан.
Хил нөхцөлөөр зарж буй тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрсдөө нүүрсээ хил дээр аваачиж өгнө. Үүнийг хэрхэн зохион байгуулах нь гол асуудал юм. Тээвэрлэхдээ төмөр болон авто замаар тээвэрлэнэ.
Тодорхой хэлвэл ам нөхцөлөөр бус хил нөхцөлөөр нүүрсээ гаргадаг болох юм. Хил нөхцөлтэй холбоотойгоор Цагаанхадыг хил хэмээн үзэх боломжгүй болсон. Ачсан нүүрсээ Цагаанхадад буулгаж, үүнээс цааш хилээр хэрхэн гаргах вэ гэдэг асуудал үүссэн. 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонныг нь хилээр гаргахад цаана нь бидэнд 800 мянган тонн нүүрс тээвэрлэх шаардлага үүсээд байна. Хятадын талаас татан авалт, квотоо нэмэхгүй байгаа” гэв.
Цаашдаа Цагаан хад бүсэд камержуулалт, хяналтыг сайжруулах шаардлагатайг дурдлаа. Нүүрсийг зөвхөн худалдан авагч тал хийдэг учир хэний, аль компанийн, ямар автомашин тээвэрлэж байгааг ЭТТ огт мэдэхгүй.
Ирэх оноос төмөр зам, авто тээврээр гээд “ЭТТ” ХК өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Үүнийг зөвхөн монгол тээвэрчид хийнэ. Маш нарийн зохион байгуулалттай ажиллах шаардлагатай байна. Бид Монгол компаниудаа шахах бодлого баримтлаагүй” гэлээ.
Тэрээр нүүрсний хулгай хэдэн их наядаар хэмжигдэж байна гэх асуултад “Хэвлэл мэдээллээр гараад байгаа 40 их наяд гэдэг мэдээлэл байхгүй. Манайхаас тийм мэдээлэл гаргаагүй” гэх хариулт өглөө.