|

С.Батзаяа: Хүний  ЭЦСИЙН ХҮСЛИЙГ НЬ биелүүлээд өгчих хэрэгтэй

Хоёр өдрийн өмнө Сүхбаатарын талбайд “УУЛЗААГҮЙ”  гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан  “Уулзаагүй” төслийн санаачлагч, сэтгүүлч С.Батзаяатай ярилцлаа.

-Сэтгүүлзүйн хамгийн хүчтэй төрөл гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, хүмүүсийн мартагнасан сэдвийг хөндсөн, эргэн сануулсан танд болон  төслийн багийнханд баяр хүргэе.  Төслийн санаа юунаас эхтэй вэ?

-Баярлалаа.  Ковидоос болоод бид  хоёр жил гэртээ суулаа. Хөл хорионы урт өдрүүдэд хүмүүсийн анхаарал үндсэндээ ковидын эргэн тойрон  дахь асуудалд  төвлөрсөн байсан. Тусгаарлалтыг Монголчууд хэрхэн давж байна, дүрэм журам  нь ямар байна гэх зэргээр. Энэ дундаас хамгийн их  анзаарагдсан нь  төрөөс гарч буй  цаг үеийн шийдвэрүүд хүний эрхийг ихээр зөрчсөн явдал. Нэг ёсондоо  ковидоос иргэдээ хамгаалж  байна гэх шийдвэрүүд хүний эрхээс давсан, харшсан. Гэсэн ч  ард иргэд “Төрийнхөө шийдвэрийг дагаж биелүүлнэ” гээд хүлээцтэй, тэвчээртэй хандсан.

Эцэст нь  хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрхийг бодолцоогүй  шийдвэрүүдийн гороор иргэд хохирч, хайртай дотны хүмүүстэйгээ уулзаж чадалгүй бурхан болсон. Сэтгэл  урагдаж, гол гогдмоор харамсалтай  үйл явдал ар араасаа гарсныг  та санаж байгаа байх.

 

 

ХАРАМСАЛТАЙГААР НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН НЭГ НЬ Ч КОВИДТОЙ БАЙГААГҮЙ

Олон нийт 22-ын товчоон дээр амиа алдсан  эмэгтэйн асуудал дээр нэлээн тэсэрсэн. Сэлэнгээс эмнэлэг бараадаж ирээд гадуурхагдсаны улмаас ганцаарахнаа  дөрвөн хананы дунд бурхан болсон 10-хан настай охин,  хорт хавдрын эцсийн шатанд орж, охинтойгоо уулзах ганцхан хүсэлтэй ирсэн ч уулзаж чадаагүй Мөнхтуяа бүсгүй гээд. Түүнээс өмнө гадаадаас эх орондоо ирэх гэсэн иргэд элчингийнхээ үүдэнд цементэн дээр хонож байлаа. Тэр үед Монголын Засгийн газарт мөнгө байсан уу,  байсан.

Тийм хүнд мэдрэмжийг үгээр  илэрхийлэх хэцүү юм. “Би  хүүхдүүдтэйгээ уулзмаар байна, аавтайгаа уулзмаар байна, охинтойгоо уулзмаар байна” гэвэл  биелүүлээд л өгчих хэрэгтэй. Хүний эцсийн хүсэл шүү дээ. Яагаад би харамсаад байна вэ гэхээр сүүлчийн хүслээ биелүүлж чадалгүй явсан тэр хүмүүсийн нэг нь ч ковидтой байгаагүй.

Халдвар аваагүй, олон дахин шинжилгээ хийлгэж сөрөг хариу гарсан ч тусгаарлалтын 21 хоног гэх хатуу журам үйлчилсэн.  “Миний ээжийн бие маш муу байна. Би цонхоор  үсэрлээ” гэж зориг ортлоо хямарсан охиныг зүгээр л гаргачих л хэрэгтэй байсан.  Салах ёс хийх гэдэг тэр жам ёсны үйдлийг нь хүчээр хорьсон. Энэ бүхэн “УУЛЗААГҮЙ” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх санааг надад  өгсөн.

 

 

ХӨРӨГ ЗУРГИЙГ БИ ШҮТДЭГ 

Нэвтрүүлэг, ярилцлага  гээд сэтгүүлзүйн  олон жанр  бий. Яагаад  гэрэл зураг гэж?

 -Миний маш их татагддаг, хүндэлдэг зүйл бол гэрэл зураг. Гэрэл зургийн  нэг кадрт олон хүчтэй утга илэрхийлж байгаа нь, үлдэцтэй байдал нь үнэхээр гайхалтай. Ялангуяа хөрөг зургийг би бараг шүтдэг. Сэтгүүлчийн хувьд гэрэл зурагт ямар ч тохиолдолд бууж өгөх хэмжээний  хайртай.  Төслийнхөө санааг бодож олсон ч яг хөрөг зургаар гаргая гэж  шийдээгүй байлаа. Ерөнхий утга санаагаа гаргачихсан, зураг л авч үлдэх хэрэгтэй юм байна гээд бодчихсон. Ингээд л хамтран ажиллах багийнхаа эрэлд гарсан даа.

Цаг хугацааны хувьд сонгуулийн сурталчилгааны өдөр үзэсгэлэнгээ гаргасан нь улс төржүүлэх, хардах нэг шалтгаан болоод байх шиг?  

-Манай баг үндсэндээ 1-р сар гэхэд бүрдчихсэн. Ажлаа эхлэхээр   төлөвлөж байтал халдвар гаарчихсэн. Тэр хооронд их юм болсон. Гэрэл зурагчин маань төслөөс гэнэт гарчихсан. Үзэсгэлэнгээ тавдугаар сарын 1-нд гаргая гэж байтал хөл хорьчихлоо. Хөл хорио дуусаад  гаргая гэхээр ийм гунигтай түүхийг хүүхдийн баяртай давхцуулмааргүй байсан.  Монгол Улс хилээ нээсэн өдөр гаргая гэж бодсон ч оройтчихсон.  Ингээд олдсон ганц боломж нь энэ бямба гараг буюу зургадугаар сарын 5-нд таарлаа.

Сонгуулийн өмнө нь дэлгэсэн нь улстөржүүлэх хандлагатай байна. Баатруудыг маань улстөртэй хутгах вий гэж эмээж байна. Тиймээс сонгуулийн дараа үзэсгэлэнгээ дахиад гаргах бодолтой  яваа. Нөгөө талаас улс төрийн сонгуультай жил, хүмүүсийн  анхаарал улстөрд төвлөрсөн үед гаргасан нь буруу биш.

Өнгөрсөн бүх хугацаанд  хүний эрхийн ноцтой зөрчил гарч байхад манай ардчилсан ерөнхийлөгч нэг ч үг дуугарсангүй. Тиймээс одоо ерөнхийлөгчид нэр дэвшигчид хүний эрхийн мэдрэмжтэй байгаасай, хэвлэл мэдээлэл нь ч  хүний эрхийн асуудалд соргог хандаж,  суурь асуудлыг нь чухалчлан  үгээ хэлдэг байгаасай, олон нийт энэ гашуун түүхийг бүү мартаасай  гэж л зорьсон.

 

ГУРВАН ЦАГ УЙЛСАН ХҮН Ч БИЙ

-Мэдээж бүх баатарын түүх хүнд. Гэхдээ сэтгэлийг нь уудлан ярилцахад хамгийн хэцүү түүх байсан уу?

Бүх баатартай ярилцахад хүнд байсан. Гурван цагийн турш миний өмнө уйлсан хүн ч бий.  Тусгаарлалтад байхдаа нөхрөө алдаж, оршуулгад нь ч оролцоогүй эмэгтэй бидэнтэй  дөнгөж уулзаад л уйлаад эхэлсэн. Магадгүй ярилцах хүн байгаагүй байх. Тэр хүнд үйл явдлын түүхийг ярих гэхээр амнаас  нь үг гараагүй  байх. Үзэсгэлэнд тэр бүсгүйн ханийнхаа шарил дээр очсон кадрыг  сонгосон. Манай багийнхан шарил дээр нь очоод сэтгэл нь улам хямрах вий гэцгээж, нэг ёсондоо зүрхшээж байлаа.  Гэтэл баатар маань  “Сэтгэл минь онгойгоод уужирчихлаа” гэсэн.

 

Бас Даваасүрэн эгч. Хүү нь  хажууд  нь суугаад “Хүү нь ээжээрээ бахархаж байна. Миний ээж мундаг шүү” гээд л. Өөрөө бол нөхөртэйгөө уулзсан, эцсийн мөчид нь хамт байж чадсан. Харин хүүхдүүдээ аавтай нь уулзуулж чадаагүйдээ маш их харамсдаг.

Аав нь эмнэлгийн орон дээр, тусгаарлалтад хоногоо  хүлээж  байхад  том хүү нь “Төр засгийнхаа шийдвэрийг дагана. Дагаж ч байсан. Юу болоод байгааг бид мэдэж байсан” гээд тэвчээр зааж  хүлээсэн юм билээ. Тухайн үед  эмнэлгийн нэг ажилтан эмэгтэй  дүрмээ зөрчин байж аавыг нь цонхтой өрөөнд оруулж, хүүхдүүдээ цонхоор харж, салах ёс хийх боломж олгосон байгаа юм. Энэ түүх контейнер дээр хүүхдүүд нь гараад зогсчихсон, аавыгаа сүүлийн  удаа цонхоор харж байгаагаар гэрэл зурагт буулгасан.

Бидний төслийг  дэмжиж, зургаа авахуулыг зөвшөөрсөн  талийгаачийн хүүхдүүд “Аавыг маань цонхтой өрөөнд оруулсан тэр эгчид баярладаг. Гэтэл сүүлд дарга нар гэр бүлээ эмэнэлэгт орж эргээд, хүүхдүүдээ онгоцоор ирүүлж, юу хүссэнээ хийж байсан. Тэр хатуу дүрэм журам нь дарга нарын ар гэрийнхэнд үйлчлээгүйд гомддог” гэж  ярьсан.

-Таны бодсон санааг амилуулахад гэрэл  зурагчны ажил чухал үүрэг гүйцэтгэсэн нь мэдээж?

– Гэрэл зураг бол маш хүчтэй санаа агуулдаг, өндөр мэдрэмж шаардсан зүйл. Тиймээс би үүнийг ингэж сайн хийж чадах хэн байна гээд эрэл хайгуулд гараад хоёр гурван хүнтэй уулзсаны эцэст манай Баги Макс маань зөвшөөрч багтаа нэгтгэж байсан. Баги  Максын хувьд анхны бие даасан ажил нь болсон. Анхны бие даасан ажлаа хүний эрх, нийгмийн асуудлыг хөндөж хийсэндээ баяртай байгаа.

Энэ дашрамд хамтарч ажилласан Баги Макс, дэмжсэн найз Өлзийбаяр, анхнаас нь тусалж байсан Нямсүрэн, Мөнхтуяа, дизайнер Идо нартаа баярлалаа. Энэ бол багийн ажил шүү. Зөвшөөрч түүхээ хуваалцсан бүх хүмүүст баярлалаа.

 

“УУЛЗААГҮЙ” ТӨСӨЛ  100 ХУВЬ САЙН ДУРЫН, АШГИЙН БУС АЖИЛ 

-Үзэсгэлэнг  ердөө 2 цаг л дэлгэх  зөвшөөрөл  өгсөн юм билээ. Бүтэн жилийн ажлаа хоёр цаг л олон нийтэд харуулсан гэхээр чамлалтай л санагдаж байгаа байх? 

Надад Сүхбаатарын талбайд хоёрхон цаг үзэсгэлэнгээ дэлгэх зөвшөөрөл өгсөн. Өнөөдөр хэдэн зургаа хураачихаад л байж байна. Үзсгэлэн болсон өдөр л гэхэд  “Хэвлэлийнхэн тийшээ битгий очоорой. Улс төрийн сэдэвтэй шүү” гэсэн зүйлс яригдсан нь чих дэлслээ. Харамсч л байлаа. Мэдээж хэнд ч хардах эрх  бий.  Гэхдээ суурь асуудал нь чухал. Хүний эрхийн асуудал гэдэг талаас нь ойлгоосой гэж хүсч байна. Өнөөдөр л гэхэд танихгүй хаягуудаас “Энэ миний төсөл байсан юм” гэх зэргээр бичээд л эхэллээ.

-Нээрээ  “Энэ төсөл миний санаа байсан” гэх агуулгатай коммент харсан. Тайлбар өгөх нь  зөв байх? 

-Анх гадаадад маш удаан гацсан нэг охинтой холбоо тогтоож, төслийнхөө кординатораар ажиллах санал тавьсан юм. Өнөө охин маань  тэр “Миний төсөл, миний санаа” гэж  сэтгэгдэл бичсэн залуугаас  туслалцаа аваад ажлаа хийж байсан юм билээ. Манай төсөл 100 хувь сайн дурын үндсэн дээр, найз нөхөд, хувиасаа санхүүжилт гаргаж хийсэн ажил. Тодруулбал ашгийн бус, орлогогүй.  Гэтэл тэр залуу цалинтай ажил гэж буруу ойлгосноос энэ  яриа гарсан. Төслийн кординатор охин маань уучлал гуйгаад залруулсан байгаа. Энэ мэт эндүүрэл үүссэн өөр нэг ч хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Төслийн санааг олохоос эхлээд гүйцэтгэлийн бүх ажилд өөрөө оролцож, гардаж хийсэн.

Анхнаасаа хөрөнгө оруулах хүнээ улстөрөөс хол, бизнесийн салбараас олно гэж тооцож, ярианы түвшинд  тусална гэх  хүмүүс  байсан ч цагаа тулахад ямар ч дэмжлэггүй болчихсон.  Энэ үед  10 гаруй жил нөхөрлөсөн найз Өлзийбаяр маань надад тусдаа оффис гаргаж өгөөд, өөрийнхөө машинаар жолооч хийж, Сэлэнгэ, Дархан руу явж өгөх зэргээр  энэ ажил маань бүтсэн гэдгийг хэлмээр байна.

Энэ бүх цаг  хугацаанд  “Би ер нь зөв юм хийж байна уу буруу юм хийж байна уу, хүчин мөхөстөж  ийм зүйл хэрэг байна уу” гэх зэргээр  шантарч, эргэлзэх үе ч гарсныг нуухгүй. Тэр үед миний хань   “Одоо ухарвал итгэл үнэмшил чинь яах юм бэ” гэж асуусан. Нээрээ л итгэл үнэмшлээс өөр хүчтэй зүйл байхгүй шүү дээ. Хамгийн хүчтэй нь, хамгийн чухал нь үр дүн,миний итгэл үнэмшил хоёр. Тиймээс бууж өгөлгүй зүтгэсээр ажлынхаа ард гарлаа. /уйлав/

 

 

 

БОДИТ ҮНЭНИЙГ ХҮРГЭХ НЬ СЭТГҮҮЛЧ ХҮНИЙ МЭРГЭЖЛЭЭ СОНГОСОН ГОЛ ШАЛТГААН БАЙХ ЁСТОЙ 

-“Уулзаагүй” төсөл зорилгодоо хүрсэн үү?

 -Сэтгүүлзүйн салбарт бараг  20 жил ажиллаж байна. Дундуур нь Ерөнхийлөгчийн тамгын газарт төрийн ажил ч хийлээ. Гэхдээ ороо бусгаа, үнэн зөв нь төөрөлдсөн  ийм үед сэтгүүлчийн ажлаа хийж,  илүү бодитой үнэний талд явах хүсэл их төрдөг юм байна. Хямралын үед сэтгүүлчид яаж ажиллах вэ гэдэг нь маш чухал байдаг. Бодит үнэнийг хүргэх нь  сэтгүүлч хүний мэргэжлээ сонгосон маш том шалтгаан байх ёстой.

Одоо, ирээдүйд үзэсгэлэнгийн гэрэл зургийг хараад “энэ үед ийм үйл явдал болж байсан юм уу,  ийм нөхцөл байдал үүсч байсан юм уу” гэж эргэн санаж, эргэцүүлж бодож л байвал бид зорилгодоо хүрлээ гэсэн үг.

 Ер нь хүмүүс их мартдаг. Мартах мартахдаа тухайн үйл явдал бүдгэрэх тусмаа аль хүчтэй, аль том албан тушаалтны зөв  юм шиг  болоод дуусдаг. Ийм зүйл дахиж битгий давтагдаасай гэж хүсч байна.

 

 

 -Ярилцсанд баярлалаа. Таны  ажилд амжилт хүсье.

 

С.ОТГОНСҮРЭН

 

 

Similar Posts

2 Comments

  1. buy priligy in the us However, the Departments invite public comments on this issue, including evidence based estimates of what the extent of these forgone benefits may be, if any, and ways in which these public health benefits may be realized while complying with the statutory prohibition on using genetic information for underwriting purposes

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *