Сэлбэ, Дунд голууд үерлэж үерийн аманд буусан айлууд үерт автаж хүнд байдалд оржээ
СБД-ийн 18, 19, 17, 15 дугаар хорооны голын эргийн ойролцоох айлууд үерт автсан тул Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үерт өртсөн айлуудын нөхцөл байдалтай танилцаж, шуурхай арга хэмжээ авч байна.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ, “Сүүлийн өдрүүдэд Сэлбэ, Дунд голууд үерлэж үерийн аманд буусан айлууд үерт автаж хүнд байдалд ороод байна.
Өнгөрсөн зуны үерт СБД-ын 18, 19-р хороо борооны үерт автсан, хаврын эхээр шар усны халианд автаж СБД-ээс сонгогдсон гишүүд бид очиж ажиллаж, нийслэл дүүргээс холбогдох арга хэмжээг авахуулж байлаа.
Энэ удаагийн үер зөвхөн СБД-ийн 18, 19 гэлтгүй 17, 15 дугаар хорооны голын эргийн ойролцоох айлууд мөр өртөөд байгаа тул Нийслэлийн Засаг дарга үерт өртсөн айлуудын нөхцөл байдалтай танилцаж, шуурхай арга хэмжээ авч байна.
Сэлбэ голын сав газарт Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс газар олгосон 13081 айл, өрх байна. Сэлбэ гол орчимд Байгаль орчны үнэлгээ хийлгэж, голын хамгаалалтын бүсэд олгосон газрын захирамжийг цуцлах, үер усны гамшгаас хамгаалах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд Нийслэлийн засаг даргад үүрэг болголоо. Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй байхыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд мөн үүрэг болголоо.
Мөн Сүхбаатар дүүргийн хойд хороодод жил бүрийн зун цагийн үер, хаврын шар усны халианаас хамгаалах Сэлбэ голын үерийн даланг байгуулах ажлыг өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаас шийдсэн нь ирэх жилүүдэд ийм асуудал гарахаас хамгаалах юм” гэжээ.