Ж.Мөнхбатын хэргийг задруулсан цагдаа нарыг шалгах ажил эхэлжээ
Өнгөрсөн лхагва гарагт буюу 6 дугаар сарын 16-ны өдөр үүрийн 4 цагийн үед Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодон, бие махбодын хүчирхийлэл үйлдээд байсан билээ. Улмаар түүний эхнэр цагдаад дуудлага өгч өнөөдрийн байдлаар уг хэргийг ХУД-ын цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа.
Харин Ж.Мөнхбатын хувьд тэс өөр мэдүүлэг өгсөн бөгөөд “тухайн хэрэг гарсан өдөр эхнэр нь гадуур архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэж, улмаар согтуугаар жолоо барихыг завдсан тул аргагүй эрхэнд машинаасаа түлхэж буулгасан” гэсэн байна. Түүнчлэн Ж.Мөнхбатыг мэдүүлэг өгснөөс тун удалгүй түүний эхнэр иргэн Б гомдлоо буцаажээ.
Гэвч нөхцөл байдал ахин эргэж, өмнө нь Ж.Мөнхбаттай холбоотой хүчирхийллийн хэрэг цагдаагийн газар бүртгэгдэж байгаагүй болж таарсан юм.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн алба хаагч нарыг дотоод хяналтаар шалган, худал мэдээлэл тараасан байж болзошгүй алба хаагчдад хариуцлага хүлээлгэх аж.