Э.Нэргүй: Тайвань аюулгүй, өртөг бага, гадаад оюутнуудад ээлтэй
21-дүгээр зуунд гадаадын их дээд сургуульд суралцах, шинийг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хайсан залуусын тоо нэмэгдсээр байна. Азийн 4 бар улсын нэг гэгдэх Тайвань орны их сургуулиудыг онцлон хэрхэн тэтгэлэг авах тухай Тайваньд Төгсөгчдийн Холбооны ТББ-ын тэргүүн Э.Нэргүйтэй ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
– Намайг Эрдэнэбатын Нэргүй гэдэг. Тайваны “Ази” их сургууль Бизнесийн удирдлага чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тайваньд Төгсөгчдийн Холбооны ТББ-ын тэргүүнээр ажилладаг.
– Тайваньд Төгсөгчдийн Холбооны ТББ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?
-Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Тайваньд Төгсөгчдийн Холбоо ТББ 2013 онд үүсгэн байгуулагдсан. Тайванд төгсөгчдийн холбоо нь Тайваньд суралцах сонирхолтой оюутан залууст туслах, сургалт семинар зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад туслах, цаашлаад Тайвань- Монголын харилцааг хөгжүүлэх зорилготой. Тайваньд төгсөгч Монгол улсын иргэдээс бүрдсэн сайн дурын үүсгэл санаачлагын олон нийтийн байгууллага.
-Азийн 4 бар улсын нэг гэгдэх Тайвань орны хөгжил, онцлогын талаар сонирхуулаач?
-Тайваний хөгжлийн гайхамшиг 20-р зууны сүүлийн хагаст хамаардаг. Иргэний дайны дараа Хятадын оюуны болон бизнесийн хүрээний томчууд нь Тайваны арал руу дүрвэсэн. Арал руу очсоны дараагаар Япон болон АНУ-ын тусламжтайгаар арлийнхан эдийн засгийн тодорхой шинэчлэлүүдийг хийж эхэлсэн.
Тайвань нь Азидаа эдийн засгаараа 7-д, дэлхийд 15-т жагсдаг том эдийн засагтай, өндөр технологийн салбараараа дээгүүр байр эзэлдэг. 2019 оны байдлаар эдийн засгийн эрх чөлөөний индексээр дэлхийд 10-р байранд жагссан.
Ерөнхийлөгч, парламентын холимог засаглалтай. Ерөнхийлөгч, Таван яам, Бүх Ард Түмний Үндэсний Их Хурал гэсэн гурван институцаар дамжуулан төрийн удирдлагаа хэрэгжүүлдэг. Байгаль цаг агаарын хувьд далайн зөөлөн уур амьсгалтай, мөнх ногоон. Дулаан чийглэг зөөлөн уур амьсгалтай. Хэдийгээр үйлдвэрлэл маш өндөр түвшинд хөгжсөн хэдий ч маш үзэсгэлэнтэй байгальтай. Үүнийгээ дагаад аялал жуулчлалын салбар мөн өндөр түвшинд хөгжсөн.
-Дэлхийн бусад улс орнуудын их дээд сургуулиас Тайваньд суралцахыг сонгох онцлог, давуу тал юу вэ?
-Хэд хэдэн онцлог бий. Миний хувьд Малайз, АНУ, Хятад гэх мэт улсуудад тодорхой хугацаанд сурч ажиллаж, амьдарч байсан. Тэдгээр улсуудтай харьцуулахад Тайвань аюулгүй, өртөг харьцангуй бага, мөн гадаад оюутнуудад их ээлтэй санагдсан. Мөн ажиллах албан ёсны зөвшөөрөлтэй байдаг нь том давуу тал. Тайваньд ихэнхи оюутнууд ар гэрийнхнээсээ мөнгө авалгүй бие дааж амьдардаг. Хичээлээс гадуур ажил хийж, бие дааж амьдрах боломжтой. Их ч зүйл сурдаг. Тайваньд суралцахын давуу талуудаас дурьдвал:
- Тэтгэлэгт хамрагдах боломж харьцангуй их
- 100% Англи эсвэл Хятад хэл дээр хичээлээ үзэх боломж. Мөн бүх гадаад оюутнуудад зориулж Хятад хэлийг үнэгүй заадаг
- Амьдрах өртөг нь хямд
- Тааламжтай уур амьсгал
- Ажил хийх боломж /7 хоногт 20 цаг ажиллах албан ёсны зөвшөөрөл өгдөг. Мөн төгссөнийхөө дараа мэргэжлээрээ ажиллах боломжтой. /
- Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломж
- Чөлөөт, ардчилсан нийгэм
- Тайван, гэмт хэргийн гаралт маш бага
- Хүмүүс нь найрсаг, тусархаг, энгийн гэх зэргээр дурдаж болно.
-Тайваньд суралцах хүсэлтэй оюутан залууст танай холбооны зүгээс яаж тусалдаг вэ?
-Оюутан, сурагчид маань мэдээж өөрсдөө сургуульдаа бүртгүүлж болно. Тэр бол нээлттэй. Тийм сонголт хийж буй оюутнууд биднээс асуух зүйлээ асууж болно. Бид ямар мэдэх зүйлээ үнэ төлбөргүй өгнө. Хамгийн гол нь хичнээн хэл сайтай байсан ч алдаа гарах нь бий. Жишээ нь бүртгүүлэхдээ дутуу, буруу материал явуулах, найдваргүй зуучлалын төвүүдэд хандсанаас сургуульдаа тэнцэхгүй байх, жижиг сургуульд орох, цаг алдах тохиолдох зэргээр эрсдэл гардагийг анхаарах хэрэгтэй.
-Цаашид Тайваньд суралцахаар сонирхож байгаа оюутан залуус хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тайвань руу зуучилдаг олон байгууллага, хувь хүмүүс байгаа Гэхдээ бүгд найдвартай биш гэдгийг нэгдүгээрт мэдэж байх ёстой. Тайваний жижиг хувийн сургуулиуд руу хүүхдүүдийг олноор явуулах, очсон хойно нь заавар зөвлөгөө өгөхгүй байх, эхний семестер л зөвхөн тэтгэлэгтэй байх зэрэг олон асуудлууд гардаг. Үүнийг сайн судлах хэрэгтэй.
Хоёрдугаарт, нэгэнт тэтгэлгээр суралцахаар зорьж байгаа бол аль болох нэр хүндтэй, National буюу улсын сургуулиудад нь бүртгүүлэх хэрэгтэй. Улсын сургуулиудын тэтгэлэг чанартай, оюутны хотхон нь хотын төвдөө байдаг учраас ажил олдох боломж их, олон улсын оюутнууд их суралцдаг, сургалт нь чанартай гэх зэрэг олон давуу талтай.
Мөн зуучлалын байгууллагад мөнгө төлж байгаа гээд бүх зүйлээ даатгаад орхиж болохгүй. Чиний ирээдүйн асуудал учраас зуучлагчтайгаа байнга холбоотой байж, ямар сургуулиудад бүртгүүлж байгааг сайн мэдэх хэрэгтэй.
Улсын сургуулиудын бүртгэлийн хугацаа эрт дуусдаг. Ж.нь: улсын сургуулиудын намрын элсэлт 3.31-4.31ний хооронд дуусаж байхад хувийн сургуулиудынх 6, 7н сар хүртэл. Ер нь Тайваний сургуулиуд жилд 2 удаа элсэлт авдаг учраас хэзээ ч бүртгүүлэх боломжтой байдаг. Аль болох эрт материалаа явуулах тусам тэтгэлэг авах боломж их байдаг. Иймд сайн сургуульд суръя гэж бодож байгаа бол шийдвэрээ эрт гаргаж, зорилготой, тууштай байх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, Тайваньд хүссэн мэргэжлээрээ хүссэн сургуульдаа бакалавр, магистр, докторын зэрэгт 100 хувийн тэтгэлгээр суралцах боломж хүн бүхэнд нээлттэй байдаг гэдгийг онцолмоор байна.
-Цаг зав гарган мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.
Тайван төгсөгчдийн холбоо ТББ-тай дараах утсаар холбогдоорой.
Утас: 99041505, 90993345
Хаяг: Мэдээлэл, технологийн үндэсний паркийн урд Интерном номын дэлгүүрийн 3 давхарт 304 тоот.
Цахим хаяг: taams1099@gmail.com
Зөвлөгөөг цахимаао авч болох уу? Зөвлөгөө төлбөртэй байх уу?