Б.Гантиг: Хүний амыг дагаж, судалгаагүйгээр хөрөнгө оруулалт БҮҮ ХИЙ
Криптовалютын зах зээлд нэвтэрч буй IHC хэмээх шинэ коины урьдчилсан захиалгын дүн нэгхэн цагийн дотор 30 тэрбум төгрөгт хүрч, хаагдав. Уг коиныг үүсгэн байгуулагчдын нэг криптовалют судлаач Б.Гантигтай анх удаа коин худалдаж авахаар зэхэж буй хүмүүс юуг анхаарах ёстой талаар ярилцсанаа сийрүүлэн хүргэе.
-Та крипто арилжааг судлаад хэдий хугацаа өнгөрч байна вэ?
-Анх эхлээд 5 жил болж байна. 2016 оноос эхлээд хэдэн долоо хоног ухаж, сууж байж анхан шатны ойлголтыг авч байлаа.
-Арилжаа хийхийн тулд судалгааг хэрхэн хийх ёстой вэ?
-Тухайн төслийнхөө үндсэн зорилгыг эхлээд ойлгох ёстой. Ард нь ямар баг хамт олон ажиллаж байгааг судлах хэрэгтэй. Үгүй бол хүний амыг дагаж, судалгаагүйгээр хөрөнгө оруулалт хийх нь буруу.
-Та коиноос хэдий хэмжээний төгрөг олж бас алдаж байсан бэ?
-Анхны удаа өөр төрлийн ажил хийж байх үедээ 500 доллараар арилжаа хийж байсан. Түүнийгээ 200 доллар болтол нь алдсан. Тэр үедээ л ойлгож эхэлсэн. Яг юуг буруу хийж байгааг, тактикаа өөрчилж зарчимтай үзэх ёстой гэдгээ ухаарсан. Их хэмжээгээр гэвэл 2017 оны нэг төсөл дээр 30 центтэй байхад нь 350 доллараар авч, 20 хоногийн дотор 30 мянган доллар болсон ашгийн түүх бий.
–Крипто арилжиж эхэлж буй анхлан суралцагч нар сэтгэл зүйн бэлтгэлгүй, эрсдэлийн менежментгүйгээр оролцож, мөнгөө алдах тохиолдол их бий. Үүнийгээ эргүүлж олохын тулд байр, машин зэргээ дэнчин тавьдаг. Ийм байдалд орохгүйн тулд анхнаасаа хэрхэн зөв гольдролд орох хэрэгтэй байдаг вэ?
-Зорилгоо тодорхойлохгүйгээр, хүний үгээр их хэмжээний мөнгөөр ордог нь алдаа болдог. Эхлээд ямар ч байсан, арилжаагаа хийж сурах хэрэгтэй. Сандрахгүйгээр тайван байх хэрэгтэй. Чиний асуулт бол бооцоотой тоглоомчдын гаргадаг алдаа л даа.
Хүн улайрах тусам улам ихийг алддаг. Арилжааг үргэлж хийдэг хүмүүс арай өөр сэтгэл зүйтэй байдаг. Алдаж, онож үзээд өөрийгөө таньж эхлээд зөв алхмаа хийж эхэлдэг. Шинээр орж ирж буй хүмүүс өөрийгөө таниагүй байдаг тул тухайн үеийн эмоциороо арилжаа хийдэг. Арилжааг тухайн үеийн эмоциороо хэзээ ч битгий хий.
Бодит зорилго тавих хэрэгтэй лдээ. Бодит бус зорилго тавьж, мөрөөдөөд эхлэх үед нэг л мэдэхэд алдагдалд орно. Бүтэн цагаар арилжаа хийнэ гэдэг нь асар их стресстэй ажил. Дэлхий даяар байгаа бүх хүн арилжаачид биш. Арилжаа хийж чаддаг тэр хүмүүс нь л хийнэ. Арилжаа хийж чадах уу үгүй юу гэдгээ хүн хэдэн долоо хоногийн дотор л ойлгоод эхэлнэ.
Тэгэхээр зөвлөхөд, бага хэмжээгээр ор, судалгаагаа сайн хий, өөрийн гэсэн тактиктай бол.
-Арилжаа хийх гол тактик, төлөвлөгөө юу вэ?
-Суурь ба техник шинжилгээ гэж хоёр юм бий. Суурь шинжилгээ бол бодит амьдрал дээр болж буй үйл явдлууд. Техник анализ нь урд нь болсон түүх ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаар тодорхойлдог. Үүний хажуугаар ямар төрлийн гүйлгээнүүд хийгдэж буй талаар харах ёстой.
– Криптовалют арилждаг хүнд байх ёстой ур чадвар таны бодлоор юу вэ?
-Англи хэл чухал. Интернетийг маш сайн ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Заавал технологийн, санхүүгийн салбарын хүн байх шаардлгагүй. Гэхдээ юмний голыг олж чаддаг байх чадвартай байх ёстой. Сонор сэрэмжтэй, хурдтай байхаас бусад нарийн ур чадвар шаардахгүй байх гэж бодож байна.
Криптогийн зах зээл хүссэн хүсээгүй залуухан. Ашиг олж байгаа хүн байхад алдаж байгаа хүн заавал бий. Гэхдээ алдаж байгаа нь олон бий. Тэдний нэг болохгүйн тулд өөрийгөө хөгжүүлэх л ёстой.
-Таны хувиас анхлан суралцагчдад анхааруулах зүйл?
-Сүлжээний луйвруудад бүү өртөөрэй. Хий хоосон ашиг амлалтад бүү авт. Эцэст нь хариуцлагыг хүн өөрөө л хүлээнэ.
Зээл авч болохгүй. Алдаж болох хэмжээгээрээ л арилжаанд орох ёстой. Том өгөөжтэй зүйл том эрсдэлтэй л гэсэн үг. Бүх өндгөө нэг сагсанд бүү хий.