“Рио Тинто”  Монголын талд “бууж өгөхөөр” шийдэв үү?

“Рио Тинто” компанийн хэрэгжүүлж буй  Оюутолгой ордын гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах хүрээнд тус компани Монголын талтай зөвшилцөхөөр тодорхой саналуудыг хүргүүлсэн байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 6.75 ам.доллар хүртэл хэтэрсэн  асуудлыг даруй шийдвэрлэх үүднээс Рио Тинто бүтээн байгуулалтын зардалд зориулсан зээлийн Монголын талд ногдох хүүг бууруулах санал тавьжээ.

Тэд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны аравдугаар сард буюу дуусгаж, ашиглалтад оруулахаар зорьж буйгаа илэрхийлээд ирэх гурван жилийн хугацаанд татварын болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын төлбөр санал болгожээ.

Эдгээр саналыг тусгасан албан бичгийг “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл” компанийн захирал Стив Тибо нар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд илгээжээ. 

Рио Тинто Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн хүрээнд 2020 оны сүүлчээр үйлдвэрлэлээ явуулж эхэлнэ хэмээн тооцоолж байсан гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор өссөн шалтгааныг тогтоохоор Хөндлөнгийн шинжээчдийн баг ажилласан. “Рио Тинто” –ийн зүгээс  газрын доорх чулуулгийн тооцоолоогүй  нөхцөлөөс  шалтгаалж зардал нэмэгдэн, хугацаа хойшилсон гэдэг  байр суурьтай байгаа. Харин хөндлөнгийн шинжээчдийн баг “менежментийн алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалсан” гэж  дүгнээд байгаа.

Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол жилд 500 мянган тонн металл олборлохуйц дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болно гэж тооцоолж буй. Гэсэн хэдий ч төслийн суурь болох татвар, санхүүгийн гэрээнүүд нь Монголын талд хохиролтой, Оюу толгойн үр ашгийг монголчууд  хүртэх  боломжийг хязгаарласан  учир Монголын талтай зөрчилдөж эхэлсэн юм.

Тодруулбал, Монгол Улс зээлээр санхүүжүүлсэн өр, хүүг төлж байж л ногдол ашиг хүртэнэ гэсэн  үг. Цаашдаа Монголын талд оногдож буй зээлийн хүүг бууруулахгүй бол гүний уурхайгаас ямар ч ашиг хүртэхгүй дүр зураг харагдаж буйг салбарынхан хэлсээр байгаа.Ямартаа ч хэлцэл цааш үргэлжилж хоёр талд харилцан ашигтай  хувилбар дэвшүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа Рио Тинто талаас илэрхийлээд байна.

Одоогоор  Монгол Улсын Засгийн газраас Рио Тинто компанийн зүгээс гаргасан саналд албан ёсоор  байр сууриа илэрхийлээгүй байгаа бөгөөд өнөөдрийн /2021.08.31/  ЗГ-ын хуралдаанд “Рио Тинто” компанийн хэлэлцээртэй холбоотой  сүүлийн үеийн мэдээллийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго танилцуулж байгаа аж.

Эх сурвалж: Financial Times

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *