Ц.Мөнхцэцэг: Монгол соёл, монгол бичгээ хадгалан авч үлдэх нь монгол хүн бүрийн үүрэг
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Ч.Саранчимэг, Ч.Ундрам нар үндэсний хэл соёлоо хамгаалах, үндэсний бичиг буюу монгол бичгээ бүх нийтээр сурч эзэмших явдлыг дэмжих үүднээс “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдтэй” болох хуулийн төслийг санаачлан батлуулсан билээ.
Уг хуулийн дагуу “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүдийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм. Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Номын баяр-бидний баяр” хүндэтгэлийн шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2021.09.15/ боллоо.
Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийг ийнхүү Үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болсноор өнгөрсөн хугацаанд тэмдэглэж ирсэн номын баярыг үндэсний бичиг, монгол соёлын тэмдэглэлт өдөр болгон агуулгын хувьд өргөжүүлж байгаа юм.
Монгол хэл, бичиг, соёл бол монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёлын язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа билээ. Тийм учраас даяарчлал нэвтэрч, үндэстнүүд хооронд соёлын солилцоо хүчтэй явагдаж буй энэ цаг үед Монгол соёл, монгол бичгээ хадгалан авч үлдэх, ирээдүй хойчдоо өвлүүлэх нь монгол хүн бүрийн хувьд эрхэм үүрэг болоод байна.
Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг Монголын төр хийж байна. Тэгвэл “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд” энэхүү зорилтыг хангахад ихээхэн дэмжлэг болно гэж үзэж буй.
Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийг жилд хоёр удаа төрийн дэмжлэгтэй тэмдэглэн өнгөрүүлдэг болсноор Монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, монгол соёлоо сурталчлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх тухайд иргэд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачлагыг дэмжих сайхан боломж бий болно.