Ц.Мөнхцэцэг: Үндэсний бичиг, соёлоо хойч үедээ өвлүүлэх нь улс орны нэгдмэл байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа
30 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Үндэсний номын баяр энэ удаад “Өдөр бүр уншъя” уриатайгаар Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Төрийн шагналт, Ардын зохиолч Пунцагийн Бадарч гуай, Ардын жүжигчин, дуучин Ш.Чимэдцэеэ гуай оюун санааны түүчээ болсон эрхэм олон уран бүтээлчдийн хамтаар оролцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Та бүхэндээ Монголын Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийн мэндийг хүргэе. Энэ жилээс эхлэн Монгол үндэсний соёл, зан заншил, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, дэлхийн даяарчлалын үед монгол соёлыг хадгалан үлдээх зорилгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ч.Саранчимэг нарын хамтаар Үндэсний номын баярын өдрүүдийг “Үндэсний соёл, бичиг, номын өдөр” болгон хуульчлахаар өргөн барьж, УИХ-аар батлуулсан.
Цар тахлын хүнд үед зохион байгуулагдаж байгаа тул нийслэлийн хэмжээнд тодорхой хязгаарлалтын дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Ирэх хавар болон дараа дараагийн номын баяруудыг улсын хэмжээнд төдийгүй хилийн чандад суугаа элэг нэгт монголчуудынхаа хамтаар өргөн дэлгэр тэмдэглэнэ” хэмээлээ.
Энэ жилийн хувьд монгол соёлоо дээдлэх, үндэсний бичгээр туурвисан ном зохиолыг хойч үедээ дамжуулан түгээх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх тухайд иргэд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачилгыг дэмжих боломж бий болно.