Г.Ёндон: Роснефть шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн учраас БНХАУ-ын талд хүсэлт тавиад байна
Зах зээлд шатахууны хомсдол үүссэнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
УУХҮ-ийн сайд Г.Ендон “Өчигдөр өглөө ОХУ-ын Роснефть компаниас 9-р сарын 16-ныг хүртэл ойролцоогоор 7400 орчим тн АИ92 бензин нийлүүлсэн байсан. Үлдсэн 9-10 мянган тн-ыг өгөх ёстой байсан ч 10-р сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болчихлоо” гэсэн мэдээг гэнэт өгсөн.
Үүнтэй давхцаад “Хөх хотын боловсруулах үйлдвэртэй хийгдсэн гэрээний хүрээнд төмөр зам дээр вагон тавих боломжгүй байна, яагаад гэхээр БНХАУ дотооддоо их хэмжээний ачаа эргэлт, Монгол улс руу тээвэрлэх ачаа тээврээс шалтгаалж 9-р сард нийлүүлэх шатахууныг тээвэрлэх боломжгүй болчихлоо, 10-р сарын эхээр нийлүүлье” гэсэн.
Сая 11:00 цагаас Шадар сайдын хамт БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан. Бидний зүгээс “гэрээ хийгдсэн, мөнгөө төлсөн, баталгаажсан, вагоныхоо кодыг авчихсан байгаа үед вагон тавих асуудалд яаралтай тусалж, анхаарч өгөөч” гэсэн хүсэлт тавиад байж байна” гэлээ.
ШАТАХУУН ХОМСТОХ ГОЛ ШАЛТГААН ЮУ БАЙВ?
АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр “Өнгөрсөн 7 хоногт бензиний үнэ өсөхгүй гэж хэлж байсан. өнөөдрийн байдлаар АИ92 үнэ нэмэгдээгүй. Харин өнгөрсөн тав дахь өдөр АИ95 шатахууны үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлсэн байгаа. Үүний дагуу өнөөдрөөс АИ95 буцаад үнэ нь буурсан байх ёстой. Үндэслэлгүй үнээ нэмбэл хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэлж байгаа.
ОХУ-ын Роснефттэй байгуулсан гэрээний нөхцөл биелэгдээгүй талаар мэдээлэл өгье. Хэрэв аж ахуй нэгжүүд гэрээгээр хүлээсэн минимиум хэмжээндээ худалдан авалт хийгээгүй, эсвэл нийлүүлэгч тал минимиум хэмжээндээ нийлүүлээгүй бол алданги мөнгөн торгууль төлж байгаа. Үүнийхээ дагуу өнгөрсөн сарынхаа нийлүүлэлтийн хэмжээнд хүрээгүй учраас ОХУ-ын “Роснефть” компани алдангиа төлнө.
Урьд нь Анкарскийн үйлдвэр засварт орсон ч гэсэн шатахуун хэвийн байсан бэ гэдэг асуудал. Энэ жил ОХУ-ын дотоодын сонгууль боллоо. Дотоодын сонгууль болсонтой холбоотойгоор дотоодын хомсдол, үнийн өсөлт явагдлаа. Үүнтэй холбоотойгоор баруун захын хязгаарын орнууд болон, ОХУ-аас шатахуунаа авдаг 10 гаруй оронд энэ мэт хязгаарлалт хийгдсэн. БНХАУ-ын зүгээс дотоодын төмөр замын тээврийн үнийн өсөлт нөлөөлсөн. Далайн тээвэр, БНХАУ-аар дамжиж Европ руу гаргадаг ачаа тээвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор төмөр замын ачаалал ихэссэн. Төмөр зам хүрэлцэхгүй байгаа гол шалтгаан нь энэ” гэлээ.
ХЭД ХОНОГИЙН ШАТАХУУНЫ НӨӨЦТЭЙ БАЙНА ВЭ?
ШУУД ҮЗЭХ: