ЧУУЛГАН: 70 жолоочийг 21 хоног тусгаарласан ч Хятад талд очоод 13-аас нь халдвар илэрчээ
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нүүрсний үнэ түүхэндээ байгаагүй өндөр байхад бид хоногт 100-хан машин гаргаж байна. Үүний хариуцлагын хүлээн байдаггүй.
Л.Халтар сайдаас асуух асуулт байна. Коронавирусийн халдвартай жолооч хятадын тал руу ороод байгаа учраас бид нүүрсээ зарж чадахгүй байна. 500 жолоочийг 14 хоног нэг газар тусгаарлаж байгаа урагшаа явуулахаар дунд нь ганц нэг халдвартай жолооч байж таараад байна. Үүнээс болоод бизнес нь ч байдаггүй, нүүрс тээвэр нь ч байдаггүй. Энэ бол цэвэр зохион байгууллалтын асуудал шүү дээ. Тэгэхээр одоо яаж ажиллах вэ.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Бид хоёр гол арга хэмжээ авахаар ажиллаж байна. Нэгдүгээрт, жолооч нарыг бөөнөөр нь байлгах эрсдэлтэй юм байна. Тэгэхээр бөмбөлөгөөр буюу жишээ нь нэг компанийн жолооч нарыг 2-3 хувааж, төвлөрлийг нь сааруулна.
Хоёрдугаарт, Засгийн газрын шийдвэрийн дагуу Цагаан хад суурьшлын бүсийг тодорхой хугацаанд хаалттай буюу Дотоодын цэргээр хамгаалуулсан бүс болгоё гэж байгаа юм. Үүнд шаардлагатай зардал, орон тоог шийдсэн. Тун удахгүй газар дээр нь очоод хамгаалалт татаад, орж, гарах хөдөлгөөнийг цэгцэлнэ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Ирэх жил 36.7 сая тонн экспортолно гэж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөговийн хоёр боомт нийлээд 8.2 сая тонн нүүрс гаргасан байна. Он дуусахад гуравхан сар үлдлээ. Он дуусах хүртэл 10-11 сая тонн нүүрс гаргаж чадах уу.
Боомт удирдлага зохион байгуулалт ямар ч эзэнгүй, зохион байгуулалтгүй байна. Тал тал тийшээ харсан баахан босоо удирдлагатай байгууллагууд байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр нь ажлаа хийж байна уу. Тэнд очоод ажиллаад байгаа л гэх юм. Юу хийгээд байгаа юм. Гэтэл нүүрс тээврийн нөхцөл байдал яг хэвээрээ. PCR шинжилгээ буруу хийгээд байна гэж яриад байна. Хотод ирээд үзүүлэхээр сөрөг гараад байх юм. Тээврийн С зөвшөөрлийг уурхайнуудад эртхэн өгчих хэрэгтэй. Төр олон зөвшөөрөлд оролцох тусмаа хээл хахууль, авилга яригдаад. Гашуунсухайтын бузрыг яривал далай цаашаа болчихоод байна. 24,25 тэрбум төгрөг гаргаад чингэлэг тээврийн терминал хийсэн. Хэзээ ажиллуулах гээд байгаа юм.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргаа гэдгийг шинээр байгуулсан. Боомтын захиргааны дэд дарга нэг хэсэг ажилласан. Цаашдаа эргэж нэг ярихгүй бол болохгүй байна. Ковидын тухай хууль арванхоёдугаар сард дуусна. Тиймээс дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Замын-Үүдийн ачаа эргэлтэд анхаарах шаардлагатай байна. 70 жолоочийг 14 хоног тусгаарлаж байгаад Эрээн рүү гаргасан. Харамсалтай нь 70 жолоочийн есөөс нь коронавирус илэрсэн. Ингээд 70-уулаа буцаж орж ирсэн.
Энэ оны нэгдүгээр сараас хойш 32 жолооч Эрээнд тусгаарлагдаж Монгол Улс руу орж ирэх импортын ачаа эргэлтийн хийж байна. Эдгээр жолооч нар 10-аад сар болчихлоо гэр орон руугаа буцъя гэдэг асуудлыг тавьж байна. Энэ асуудлыг яаж зохион байгуулах вэ. Тэдний оронд жолооч нарыг Эрээнд рүү явуулах уу.
Тэдгээр 32 жолооч үндсэндээ есөн сар хилийн цаана амьдарч Монгол руу орж ирэх ачаа эргэлтийг тасралтгүй явууллаа. Тэднийг урамшуулах уу. Тэд Монгол руу ороод ирвэл манай импортын ачаа эргэлт тасрах нь.
Хоёрдугаарт, Замын-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч гэж байгаа. Гэвч авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үнэхээр сул байна. Үүнээс болоод Замын-Үүдийн ачаа эргэлт тасрах аюултай байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Замын-Үүдийн импортын ачааны хувьд таны хэлж байгаа үнэн. 70 жолоочийг 21 хоног тусгаарлаад гаргахад цаана очоод гурван удаа шинжилгээ авахад 13 хүн халдвартай гарсан. Ингээд бүгдийг нь айлын тал буцаасан.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар тэнд ажиллаж байгаа 32 жолоочид тус бүр гурван сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон.Цаашид айлын талаас хоёр асуудал тавьж байгаа. Саяны 70 жолоочтой холбоотойгоор нэг хэсэгтээ жолооч авахгүй. Ингэхдээ нэг машин дээр дундын бүсэд толгой солино. Мөн дундын бүсэд чингэлэгийг шилжүүлж ачна гэдэг асуудлыг тавьсан. Үүн дээр бараг тохиролцох байх. Ингэснээр цаашид жолооч гарахгүйгээр дундын бүсэлд толгой сольж, чингэлгүүдээ шилжүүлдэг горимд орно.