СЕХ: Нөхөн сонгуулийн дүнг өнөөдөр танилцуулна
Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрсөн бямба гаригт болж өндөрлөлөө. Нэмэлт санал хураалтыг 131 хэсгийн хороонд явуулсны 73 нь Хэнтий аймагт, 58 нь Сонгинохайрхан дүүргийнх байв.
УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар, бие даагч М.Чингисхаан, ИЗНН-аас А.Бархүү, ШИНЭН-аас Д.Баатаржав, АТОЗН-аас Д.Чулуунбат нар нэр дэвшсэн. 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Э.Батшугар, ЗХЭЭ-ээс Б.Найдалаа, АН-аас Э.Бат-Үүл, ҮБЗН-аас А.Отгонбаатар, ИЗНН-аас Ш.Гантулга, бие даагч Х.Бат-Ялалт , ШИНЭ-аас Ц.Гантулга, ДМН-аас Л.Цог, ЭЧХН-аас Ш.Төмөрсүх, АТОЗН-аас А.Батдорж нар нэр дэвшсэн.
Нэмэлт санал хураалтын урьдчилсан дүнг гаргахад Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар 28.537 саналаар, Хэнтий аймагт Ц.Идэрбат 17.264 саналаар ялалт байгуулаад байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцжээ. Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын бүх саналын хуудсыг эхний санал хураалтын нэгэн адил нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдыг байлцуулан 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулан албажуулж байгааг СЕХ мэдээлсэн.
Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт 1271 ажиглагч оролцож, хоёр тойргийн 131 хэсгийн санал авах байруудад 1-2 камер байршуулж, хяналтын тооллогыг камерын дүрс бичлэг болон нам, эвсэл, нэр дэвшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажиглагчдыг байлцуулан тоолжээ. Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргах юм.