Б.Батцэцэг: Хятад улс бидэнд харин ч ЗӨӨЛӨН хандаж байгаа

Урд хөрш хилээ хаасан, нүүрсний экспорт удааширсан, хойд хөршөөс  шатахууны импорт тасалдсан нөхцөл  байдалтай байгаа. Тиймээс хөрш улсуудтай харилцах харилцаа ямар түвшинд байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс  тодрууллаа. 

Тэрбээр  “Хятад улстай ямар  нэг улс төрийн асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хоёр улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар утсаар ярьсан. Цахим уулзалтыг саяхан хийсэн. Ковидтой холбоотойгоор БХНАУ-ын барьж байгаа бодлого ганцхан Монгол Улсад хамаарахгүй, хил залгаа хуурай замын боомттой бүх улсуудад адилхан үйлчилж байгаа.

БНХАУ-ын боомтын зөвлөл гэж байгууллага нь бүх боомтууд дээрээ “Зеро тоурс” буюу нэг ч Ковидын тохиолдлыг гаднаас авахгүй, улсдаа халдвар нэвтрүүлэхгүй гэдэг хатуу зарчим нэвтрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хуурай замын боомттой манайхаас гадна  7 улс  хиллэдэг. Тэдэнтэй ч манайхтай адил хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаа. 

Хятад улс вирустэй хатуу тэмцэж, дотооддоо халдвар тархаахгүй байхыг хүсэж байна. 2022 оны хоёрдугаар сард “Өвлийн Олимп” болно. Олимп болтол Хятад улс ямар ч гадаад айлчлал хүлээж авахгүй.Аль ч  орны Ерөнхий сайд, ерөнхийлөгч Бээжинд айлчлахгүй байгаа. Энэ бодлогыг бид зөвхөн өөрсөд дээрээ хүлээж авч болохгүй. Монголоос бусад дэлхийн бүх улс орнуудад адилхан бодлого барьж хэрэгжүүлж байгаа.  Хятад аль ч орны оюутнуудыг хүлээж авахгүй байна. 

Хил залгаа хуурай боомтын улс орнууд дундаас ганц нэг халдвар нэвтрүүлсэн тохиолдолд төрийн албан хаагч нартаа маш хатуу арга хэмжээ авч  1000 гаруй төрийн албан хаагчийг энэ шалтгаанаар  ажлаас чөлөөлсөн. Коммунист намаасаа хөөх, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох гэх мэт. Ингэхээр хилийн боомтууд дээрээ хэрэгжүүлж байгаа бодлого, дэг журам яс мөрдөгдөж байгаагийн илрэл юм.

Харамсалтай нь манай хил залгаа аймгуудаас халдвар нэг, хоёроороо гарч байгааг та бүхэн мэдэж байгаа. Монголдоо  шинжилгээ өгөхөөр сөрөг гардаг, Хятадад очоод  эерэг гардаг зөрүүтэй хариу аль аль талдаа асуудал болж байгаа байх. Бид халдвар хамгааллаа сайн баримтлаад явахад Хятад улс манай улсад хамгийн зөөлөн хандаж байгаа. Ямар нэг улс төрийн шалтгаан огт байхгүй.

Хятад улс Олимпийн наадмыг дотоодын үзэгчдэдээ нээлттэй зохион байгуулна. Ингэхийн тулд дотооддоо халдвар тархаахгүй байх том зорилттой байна. Ирэх онд Хятадын Коммунист намын аравдугаар их хурал намар болно. Энэ үйл ажиллагааны бэлтгэл ажил холбоотойгоор дүрэм журам чанга байгаа гэж ойлгож болно. 

Мэдээж шат шатны өндөр дээд төвшний айлчлалууд зогссон байгаа. Хятад улсын одоогийн Ерөнхий сайдтай хийсэн миний уулзалт амжилттай болсон. Ковидын үед дэлхий даяар гадаад харилцаа зогсонги байдалд орж,  уулзалтууд цахим хэлбэрээр явагдаж байна. Гэхдээ  гадаад харилцаа  тодорхой хэмжээнд явж л байна. 

Монгол Улсын хувьд ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс төрийн гадна талаасаа харагдах байдалд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга  нэг байр суурьтай  байгаа нь хоёр хөршид таалагдаж байгаа. Урьд нь аж ахуйн чанартай олон жижиг асуудал харилцаанд тээглэж удаж байсан. Цаашаа хоёр хөрштэйгөө томоохон төслүүд хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авахаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын төвшинд  ярьж байгаа” гэлээ. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *