Эрчим хүчний үнийг ирэх оны зургаадугаар сарын 1 хүртэл нэмэхгүй
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний үнийг ирэх оны зургаадугаар сарын 01 хүртэл нэмэхгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
түүнчлэн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцийг тогтворжуулахын тулд махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрх бүрт өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгосон байна.
Улмаар хүнсний бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол, бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтоор нэвтрүүлэн, импортлох үүднээс мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийг хилийн боомтуудад ажиллуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Мөн импортоор оруулж ирэх хүнсний зориулалттай ачааны хагас болон битүү вагоныг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулахыг Сангийн сайд болон ЗТХ-ийн сайд нарт үүрэг болгов.