НОБГ -аас ахуйн гал түймрээс сэргийлэх “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс эхлүүллээ
Гал түймрийн улмаас хүний амь нас эндэх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр болж байна. Иймээс Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мөн гал түймрийн дуудлага, хохирлыг бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс /2021.10.15/ эхлүүлж байна.
2016-2021 онд 12378 удаагийн гал түймрийн дуудлага ирснээс :
Гал түймрийн улмаас амиа алдсан 102 том хүн, 32 хүүхэд
Гал түймрийн үеэр биедээ хохирол авсан 100 том хүн, 28 хүүхэд
Гал түймрийн аюулаас 4894 иргэний амь насыг аварч 20.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Аравдугаар сарын 25-ны үүрийн 04:05 минутад БЗД-т байшин шатаж байна гэсэн дуудлагаар гал унтраах аравдугаар анги гарч ажилласан байгаа. Аравдугаар ангийг очих үед 5×3 хэмжээтэй байшин бүрэн шатаж нас, нэр нь тодорхойгүй 4 иргэн нас барсан гэх урьдчилсан мэдээ гарсан. Монгол гэр зуны цагт 3 минутад, өвлийн цагт 5 минутад бүрэн шатдаг. Бага хэмжээний байшин бол мөн адил ийм хугацаанд шатаж дуусна. Одоогоор хэргийн талаар тодорхой хариу гараагүй байна.
“Таван толгой түлш” ХХК хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал :
“Таван толгой түлш компаниас 8600 гаруй айлд дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчээр ханган ажиллаж байгаа билээ. Энэхүү дамжуулагчийг ашиглаад 12 хонож байна. 12 хоногийн хугацаанд 58 айлаас угаарын хий ялгарч байна гэсэн дохио ирсэн. Үндсэндээ бид 58 удаагийн дуудлагаар 200 гаруй иргэдийнхээ амь насыг хамгааллаа гэж хэлж болно. Цаашдаа бид оноос өмнө 12 сар гэхэд өндөр эрсдэл байгаа 60 мянга гаруй өрхөд уг дамжуулагчийг бүрэн суурилуулна.
Үүнд зарим нэг хүндрэл гарч байгаа нь иргэд зөвхөн гал түлэх үедээ дамжуулагчийг ажиллуулаад бусад үед унтраадаг. 24 цагийн турш тухайн айлын угаарын хийг дэлгэцээр бид хянаж байх хэрэгтэй. Мөн улсаас нэг удаа өгч байгаа дамжуулагчаа эвдсэн, бусдад дамнан зарсан тохиолдол ч гараад байна.
Өнгөрсөн оны 9, 10 сард нийт 200 гаруй угаарын дуудлага ирж байсан бол өнөөдөр аравдугаар сарын 25-ны байдлаар 60 гаруй айлаас дуудлага ирсэн. Үүнээс бид дамжуулагч тавьсны үр дүнг харж болно. Иргэд та бүхэн дамжуулагчаа 24 цагаар ажиллуулж эвдэж, гэмтээхгүй, дамнан худалдаалахгүй өөрсдийн амь насны төлөө гамтай хэрэглээрэй”