Нэртэй улс төрчийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан теннисчин бүсгүй сураггүй алга болжээ

Хятадын төдийгүй дэлхийн шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор бичигддэг теннисчин Пэн Шуай улсынхаа нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэг Жан Гаолиг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн тухай постыг өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээнд оруулж, томоохон шуугиан дэгдээсэн билээ. Гэтэл Пэн энэ бүхний дараа ор сураггүй алга болсны зэрэгцээ түүний цахим хаяг болон постууд нь устгагдсан байна.

Хятадын нэртэй улс төрчийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан теннисчин бүсгүй сураггүй алга болжээ

 

 

Өдгөө 35 настай теннисчин бүсгүй Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч асан Жан Гаоли өөрийнхөө нэр нөлөөг ашиглан хүчээр бэлгийн харьцаанд орсон талаарх постыг тус улсын хамгийн том нийгмийн сүлжээ болох Вэйбо сайтад нийтэлсэн билээ.

75 настай улс төрчийн хувьд одоогоор энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй аж.

 

 

Пэн Шуайгийн бичсэнээс үзвэл тэрээр 2011 онд карьераа дөнгөж эхлүүлж байхдаа тухайн үед Тянжинь хотын Коммунист намын даргаар ажиллаж байсан Жан Гаолитай анх уулзаж, нөлөөнд нь автан бэлгийн харилцаанд орсон аж.

Үүнээс 8 жилийн дараа Пэн Шуай дэлхийд эрэмбээрээ нэгдүгээрт бичигдэж байхад тэтгэвэртээ гараад байсан Жан түүнийг гэртээ оройн хоол идэх нэрийдлээр урьж авчруулаад, дахин хүчээр бэлгийн харилцаанд орсон байна.

Дээрх бүхнийг дэлгэснээс хойш Пэн Шуай дахиж огт харагдаагүйн зэрэгцээ түүний пост болон Вэйбо хаяг нь ердөө 20 минутын дараа устгагджээ. Ингээд зогсоогүй хэсэг хугацааны турш хятадаар теннисийг илэрхийлэх “wangqiu” гэх үг Вэйбо сайт дээр хориглогдсоны зэрэгцээ Пэн Шуайн нэрийг Хятадын интернэтээр хайх үед юу ч гарч ирэхгүй болсон аж.

Гэхдээ Пэн Шуайд дээрх явдлыг баталсан ямар нэг нотлох баримт байгаагүй юм. Түүний хэлснээр Жан Гаоли энэхүү явдлыг эхнэрээсээ нуухын тулд байж болох бүхий л арга хэмжээг авсан учраас ямарваа гэрчлэх баримт үлдээгүй гэжээ.

Энэ сарын эхээр Бээжингийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тус хэргийн талаар асуухад тэрээр хариулахаас татгалзсан юм.

Тэрээр “Би энэ талаар сонсоогүй, энэ бол дипломат асуудал биш” гэж хэлсэн байна.

Эх Сурвалж: www.caak.mn

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *