Олон хүнээс халдвар илэрсэн тул Замын-Үүдэд хязгаарлалт тогтоосон

Замын-Үүд Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийг урд хөрш гаргасан. Энэ талаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд дараах мэдээллийг өгчээ.

Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 14 галт тэрэг өргөн царигаар Хятадын хилээр нэвтэрдэг. Мөн 6-7 галт тэрэг нарийн царигаар Монголын тал руу орж ирдэг. Эрээн хотын ардын засгийн ордон, Ковидтой тэмцэх шуурхай штабаас цаашид дамжин өнгөрөх тээвэр болон Монголоос явуулж буй бүх төрлийн тээврийг чингэлэг тээврээр л хүлээн авна гэж шийджээ. Энэ дагуу мэдэгдэл гаргаж, энэ сарын 27-ны өдрийн 00 цагаас эхлэн, төмөр зам, авто замын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоов. Учир нь эдгээр бүтээгдэхүүнийг хүний оролцоотой ачдаг.

Яагаад ийм шийдвэр гаргасан талаар бид Эрээнд суугаа Консулын газраас дипломат шугамаар тодрууллаа. Өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг 11.00 цагт хүлээн авч уулзав. Манжуур боомтод ковид-19-ийн тохиолдол хил дамнан илэрснийг хятадын тал онцоллоо. Богино хугацаанд олон хүнээс халдвар илэрсэн тул ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлав.                                

ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймагт сүүлийн 24 цагт 20 шинэ тохиолдол илэрснээр нийт 57 тохиолдол болжээ. Төмөр замын ажилчдын дунд коронавирусын халдвар дамжсан байна. Иймд Өвөр Монголын хэмжээнд цар тахлын эсрэг хатуу арга хэмжээг авах ёстой гэж шийджээ. Ингээд хилийн боомтуудад хяналтыг чангатгах 44 тоот албан бичиг гаргасныг Эрээн хотын ардын засгийн газраас энэ түр шийдвэрийг бидэнд өглөө.

Мөн энэ сарын 14.00 цагаас төмөр замаар тээвэрлэх төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш гэх мэт нунтаг хэлбэртэй ачааг Эрээнд хүлээж авахгүй гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *