“Сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин боловсруулж болно. Иргэд үнсээ ангилан ялгаж сурах хэрэгтэй”

Улаанбаатар хотын гэр хороололд 201 мянга гаруй айл өрх аж төрж байна. Хотоос үүсэж буй хог хаягдлын 48 хувийг гэр хорооллоос гарч буй сайжруулсан шахмал түлшний үнс эзэлж байна. Хог хаягдалд жин дарж буй үнсийг дахин боловсруулалтад оруулбал хотын хог хаягдлыг үлэмж хэмжээгээр багасгах боломж бий. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ дүүрэг, хороодтой хамтран гэр хорооллоос гарч буй үнсийг ангилж, дахин ашиглах, боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах туршилтын ажлуудыг үе шаттай зохион байгуулснаар эерэг үр дүнгүүд гарчээ.

Хүйтний эрч чангарч буй өвлийн энэ саруудад үнснээс үүдэлтэй хог хаягдал нэмэгдэхийн зэрэгцээ үнс нь агаарт дэгдэж, агаар бохирдуулагч бас нэг хүчин зүйл болдог. Тиймээс үнсийг дахин боловсруулж, хог хаягдлын хэмжээг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажилдаа оржээ.

 

 

Зуны цагт хотын гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын 27 хувийг, өвөл нь 75.2 хувийг үнс эзэлдэг. Харин Улаанбаатар хотын хог хаягдлын бүтцээр нь судалж үзвэл 48.2 хувийг үнс эзэлж, Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгүүдэд жилдээ 347.5 мянган тонн үнсийг булж байна гээд төсөөл дөө. Ийм хэмжээний хог хаягдлыг бууруулахад иргэдийн оролцоо, үүрэг хариуцлага хамгаас чухал юм. Зуухнаас гарсан үнсийг хогийн цэг рүү ачуулахгүй, дахин ашиглах үйлдвэрлэлийн түүхий эд болгохын тулд айл өрхүүд үнсээ бусад хог хаягдалтай холихгүй, ангилж сурах ёстой.

 

 

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол гарч, Улаанбаатар хотод ахуйн хэрэглээний түүхий нүүрс оруулахыг хориглосноос хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрлөө. Түүхий нүүрсийг хориглосон эхний жил буюу 2019-2020 оны халаалтын улиралд нийслэлчүүд нийт 524 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэжээ. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор сайжруулсан түлшний борлуулалтын үнийг бууруулснаар сайжруулсан түлшний хэрэглээ эрс нэмэгдэж, улмаар үнсний хог хаягдлын хэмжээ ч өссөн нь тодорхой. Үнэ бууруулснаар 2020 оны 12-р сарын 24-ны байдлаар нийслэл хотод шахмал түлшний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 41 хувиар өссөн байна.

 

 

Таван толгой түлш ХХК-ийн лабораторийн дүн шинжилгээгээр 1кг түлшний 21.8 хувь нь үнс байх тооцоолол гарчээ. Энэ  тооцооллоор 25кг түлшнээс 5.45кг үнс гарах ёстой ч бодит байдал дээр 10-11 кг үнс гарч байна. Үнсний хэмжээ тооцоолсноос их байгаа нь айл өрхүүдийн ашигладаг зуухны шаталтаас хамаарч байх магадлалтай аж.  Хэрэв нэг шуудай сайжруулсан түлшнээс 10кг үнс гарч байна гэж тооцвол шуудай түлшний 40 хувийг үнс эзэлж байна гэсэн үг. Энэ их хэмжээний хог хаягдлыг хогийн цэг рүү зөөгөөд ч шингээх талбай нь хомс. Тиймээс дахин боловсруулах шийдэлд хүрч, Нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар “САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮНСИЙГ ДАХИН АШИГЛАХ” талаар санал танилцуулах ажлын хэсгийг байгуулжээ.

Шахмал түлшний үнсээр барилгын материал үйлдвэрлэхэд эрүүл мэндэд хор нөлөөгүй

 

 

Үнсийг дахин ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт хүмүүсийн дунд бий. Тиймээс дээрх Ажлын хэсгийнхэн үнсний найрлага, бүтэц, шинж чанарыг тогтоох судалгааг ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн болон БАК-ийн лабораторид хийж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулсан. Лабораторийн судалгаагаар сайжруулсан түлшний үнсэнд дагалдах хүнд хортой элементүүд болох хүнцэл, хар тугалга, никель, цайр хром, кобальт, зэсний агуулга нь олон улсад ашиглагдаж буй дэгдэмхий үнсэнд агуулагдах хязгаараас хэтрээгүй. Байгалийн цацраг идэвхт элементийн агуулгын MNS 5072:20018 MNS 6469:2014 стандартуудад тусгасан иргэний болон үйлдвэрийн барилга, зам талбайд ашиглах барилгын материалын стандартын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Ажлын хэсгийнхэн Монголын барилга үйлдвэрлэгчдийн холбоо, ШУТИС, “Монгол дээвэр” ХХК-тай хамтарч сайжруулсан шахмал түлшийг дахин ашиглах технологийн туршилтуудыг хийжээ. Тухайлбал, Явган замын хавтан, эко хавтан, бродьюр зэргийг хийхдээ найрлагынх нь 20 хувьд үнс  нэмсэн байна. Мөн ШУТИС-ийн лабораторид хиймэл чулуу, дулаалгын хавтан, хөнгөн блок, бетон эдлэлийн орцын 20 хувьд нь үнс хийж, хөлдөөх, гэсгээх зэрэг лабораторийн 600 удаагийн туршилт хийснээр бүтээгдэхүүний эдэлгээний 50-60 жилийн насжилтыг баталгаажуулсан туршилт амжилттай болжээ.

Хотын хог хаягдлын тал хувийг эзлэх болсон үнсийг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдэл нь ийн гарлаа. Харин одоо гэр хорооллын иргэд дээрх бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмэр оруулах хариуцлагатай түүхий эд нийлүүлэгчид болж байна.

Эхний ээлжид Цагаан давааны хогийн цэгт үнс хүлээн авах 2 га талбай гаргажээ. Уг талбайд айл өрхүүдээс ирж буй үнсийг хүлээн авч шигшихэд 50 хувь нь ахуйн бусад хог хаягдал гарч буй аж. Иймд үнсээ ялгаж, бусад хог хаягдалтай холихгүй байх талаар иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгч эхэлжээ. Энэ хүрээнд зохион байгуулсан ажлуудаас товч дурдвал, 2019-2021 онд Сонгинохайрхан дүүргийн 2, 3-р хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12-р хороо, Баянзүрх дүүргийн 21-р хорооны 9684 хашааны нийт 14845 өрхийг сонгон туршилтын үнс ангилан тээвэрлэх ажлыг эхлүүлжээ.

 

 

Өрхүүдэд зориулсан мэдээлэл сурталчилгааны материал боловсруулан үнсийг хэрхэн ангилах, тээвэрлэх талаар хороодын хэсгийн ахлагч нар, орон тооны бус байцаагч нарыг сургаж, тэднээр дамжуулан  айл өрхүүд, ААНБ-уудад хүрч ажилласан байна. Мөн нугалбар, зурагт хуудас боловсруулж, видео шторкуудыг бэлтгэн айл өрхүүдээр түгээжээ. 2021-2022 онд БЗД-ийн 9,17, 27-р хороодын айл өрхүүдийн үнсийг ангилж хэвшүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

Энэ мэтээр үнсийг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлууд амжилттай эхлэн, эрчимтэй үргэлжилсээр байна. Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд гээд олон талын ач холбогдолтой энэ ажлыг иргэд дэмжиж, үнсээ 100 хувь ялгаж заншвал Улаанбаатар хотын хог хаягдал 50 хувиар буурах техник технологийн бодит боломж нэгэнтээ бүрджээ.

Шахмал түлшний үнсийг барилгын түүхий эд болгон ашиглах үндэсний стандарт батлагдлаа

Сайжруулсан шахмал түлшний үнсийг хэд хэдэн лабораторид судалж шинжлэн, туршилтууд хийн явган зам, талбайн хавтан, барилгын эдлэл үйлдвэрлэхэд, авто замын суурь хөрсийг цемент эсвэл шохойгоор бэхжүүлэхэд, хөрсийг сайжруулах бордоонд нэмэлтээр ашиглах, шавар тоосго, портландцементийн болон керамзитан хөнгөн дүүргэгчийн зэрэг үйлдвэрт түүхий эдээр хэрэглэх зэргээр ашиглах бүрэн боломжтой нь нотлогдсон тул үйлдвэрлэл явуулахад нэн шаардлагатай бичиг баримт болох суурь стандартыг боловсруулах шаардлага бий болов. Стандарт боловсруулах ажлын хэсэгт ШУТИС-ийн дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Д.Сүнжидмаа, дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Р.Болормаа, дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Намжилдорж, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо ТББ–ын гүйцэтгэх захирал, техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер О.Лхагвадорж, эрдэм шинжилгээний ажилтан Н.Баяржавхлан нар ажилласан байна. Стандартчилал хэмжил зүйн газрын Барилгын стандартчиллын техникийн хорооны 2021 оны 08-р сарын 03-ны өдрийн хурлаар  “Сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнс. Техникийн шаардлага, турших арга” стандартын бичиг баримтыг хэлэлцэн дэмжив. Ингээд Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9-р сарын 16-ны өдрийн тушаалаар үндэсний стандарт MNS 6927:2021 шинээр баталж, 2021 оны 10-р сарын 18-ны өдрөөс нийтээр дагаж мөрдөж эхэллээ.

 

 

Үнсээр барилгын материал үйлдвэрлээд зогсохгүй ногоон байгууламж, мод, зүлэг, тасалгааны цэцэг тариалах, нөхөн сэргээлтэд ашиглах бордоо хийх, үнсний хүнд элементийн агууламжийг судлах судалгааг хийж туршилт явуулсан нь амжилттай болжээ. Цаашид үнсээр бордоо хийж, хотын элэгдсэн хөрсийг нөхөн сэргээхэд ашиглах бүрэн боломжтой нь судалгаагаар нотлогджээ. Үнсэн бордооны 60 хувь нь  шороо, 30 хувь нь үнс, 10 хувь нь элс байхаар тооцоолж хийсэн байна. Шахмал түлшний үнс хог биш, баялаг болжээ. Айл өрхүүд үнсээ 100 хувь ангилан ялгаад сурчихвал хотын хог хаягдлын хэмжээ багасах, манай улсад хамгийн их хэрэгцээтэй импортыг орлох барилгын материалуудын нэг төрөл нэмэгдэх бодит боломж хэдийн бүрдсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *