Арабын Нэгдсэн Эмират улсад тэтгэлгээр сурах оюутны тоог нэмэх санал тавьжээ

АНЭУ-ын Дубай хотод боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалт болж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус улсын боловсролын сайд Хуссейн Ибрахим Аль-Хаммадитай уулзалт хийв.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газраас Монгол Улсад хүүхдийн цэцэрлэг барихад зориулж буцалтгүй тусламж олгосон. Энэ тусламжаар Улаанбаатар хот, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр нэг цэцэрлэг барьж ашиглалтад бүрэн оруулсан болохыг уулзалтын үеэр БШУ-ны сайд онцоллоо.

Тус улсын Засгийн газраас жил бүр хоёр оюутныг бакалаврын түвшинд суралцуулах тэтгэлэг олгож ирсэнд талархал илэрхийлээд, тэтгэлгийн тоог нэмэгдүүлж, магистр, докторын түвшинд оюутан сургах боломж олгохыг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн хүрээнд бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад хамтран ажиллах талаар ч уулзалтын үеэр хөндлөө.

“Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Боловсролын яам хооронд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг судлан үзэж, ойрын хугацаанд байгуулах талаар хоёр улсын боловсролын сайд ярилцлаа.

Энэ санамж бичигт:

  • Их,дээд сургуулийн хамтын ажиллагаа, эрдэмтэн багш нарын солилцоо
  • Харилцан бакалаврын оюутан солилцоо
  • Шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар тусгасан байгаа юм.

Эрхэмсэг ноён Хуссейн Ибрахим Аль-Хаммади 2014 онд АНЭУ-ын Боловсролын сайдаар томилогдсон. Боловсролын салбарт хэд хэдэн албан тушаалыг нэгэн зэрэг хашдаг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *