ШУУРХАЙ: Э.Бат-Үүлд 4, А.Гантулгад 5 жилийн хорих ял оноожээ
УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 7 хоног үргэлжилж өчигдөр гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал дууссан.
Тодруулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, ТОСК-ийн захирал асан А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол бусад дөрвөн хүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон юм.
Харин өнөөдөр 10:00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд Эрүүгийн хариуцлага оноох шүүх хурал эхэлж, шийдвэрээ гаргажээ. Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил, А.Гантулгад 5 жилийн ял оноосон бол Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Нэгэнт шүүх шийдвэрээ гаргасан учир Э.Бат-Үүл нарыг цагдан хорих анги руу ачиж явлаа. Харин түүний хүү Б.Чулуудай шүүхийн гадна сэтгүүлчдэд шүүхийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.
Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм.