Н.Учрал: Виртуал хөрөнгийн хууль батлагдсан ч төр эрсдлийг ХАРИУЦАХГҮЙ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.16/ хуралдаанаар Виртуал хөрөнгийн тухай хуулийг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, СЗХ-ны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, Cанхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар нар олон нийтэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Хууль баталснаар манай улс виртуал хөрөнгийг зохицуулах буюу бүртгэн нягталдаг боллоо. Хууль баталснаас хойш 4 сарын хугацаанд СЗХ-ноос шаардлагатай дүрэм, журмуудыг батална. Харин одоо үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд журам гарснаас хойш гурван сарын дотор шаардлагад нийцүүлж шинээр бүртгүүлэх шаардлагатай. Энэ бол тусгай зөвшөөрөл олгож буй ойлголт биш бүртгэл юм. Бүртгэгдээгүй койныг хууль бус гэж үзнэ.
Иргэд болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүссэн гэрээний маргааныг төр зохицуулахгүй. Хууль гарснаар зах зээлд байгаа койнууд бүгд баталгаатай гэсэн үг биш. Хэн нэгний алдагдлыг төр нөхөн төлөхгүй. Койн болон виртуал үйлчилгээ үзүүлэгчийг санхүүжүүлэх, сурталчлах нь хориотой болж байна. Бид үйлчилгээ үзүүлэгчдийн босгыг өндөр болголоо.
Хууль баталснаас хойш дөрвөн сарын хугацаанд шинээр койн гаргахгүй, шинээр бирж үйл ажиллагаа явуулахгүй. Чанаргүй олон койн гарч байгаа тул иргэд маш анхааралтай байх хэрэгтэй. Гэрээний эрх зүйн харилцаанд үүссэн асуудлыг бид зохицуулж чадахгүй.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Зах зээлд арилжаалагдаж буй виртуал хөрөнгө буюу койн, токеныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй. Виртуал хөрөнгө нь аливаа төрлийн хадгаламж, хөрөнгө оруулалтын хамгаалалтад орохгүй.
Уг хуулийг дагаад Эрүүгийн хууль дээр шинэ зохицуулалт орсон. Виртуал хөрөнгийн дотоод мэдээллийг бусдад дамжуулах нь эрүүгийн гэмт хэрэг болсон.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч аливаа биржүүд мэдээлэх үүрэгтэй болсон. Харилцагчийн аливаа төрлийн гүйлгээний эх сурвалжийг тодорхойлж, цэвэр мөнгө эсэхийг шалгадаг болох шаардлага үүссэн.
Иргэд койны арилжаанд орохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Төрөөс эрсдэлийг бүрэн хариуцахгүй. Дэлхий даяар койнд хөрөнгө оруулсан иргэдийн 98 хувь нь мөнгөө алдсан. Дэлхий даяар ICO хийсэн койнуудын 97.5 хувь нь бүтэлгүйтсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэснээр олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой боллоо.Өмнө гарчихсан бирж, койнууд дөрвөн сарын хугацаанд шаардлагаа ханган бүртгүүлэх үүрэгтэй. Шаардлагын улмаас аливаа гарч буй койнууд бирж дээрх хоёр дахь зах зээлийн арилжаанд оролцох боломжгүй болох эрсдэлтэй. Тиймээс иргэд сонголтоо зөв хийхийг хүсье.
Виртуал хөрөнгөтэй холбоотой асуудлыг СЗХ хариуцна. Олон улсын жишгээс харахад одоогийн биржүүдийн зарим нь шаардлага хангахгүйн улмаас бүртгэгдэхгүй байх магадлалтай. Бүргэх эсэхийг санхүүгийн зохицуулах хороо шийднэ.