“Цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гэх бүх зардал албан хаагчдынхаа тоогоор, жил бүр тусгагддаг зарчмаараа орон нутгуудад шилжсэн”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Шинэ төсөв эхлэх гэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Энэхүү тогтоолын төсөл нь 2022 оны төсвийн үйл ажиллагааг чанаржуулах агуулгатай тогтоол юм.
Тогтоолын төсөл үндсэндээ 8 хэсгээс бүрдэж байна.
- Орлогын чиглэлээр уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх
- Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх
- Төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэх
- Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигийг нэмэгдүүлэх зэрэг чиглэл өгч байна.
Орон нутаг болон нийслэлд ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг нь өөрчлөх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэх үл ойлголцол сүүлийн үед их гарч байна. Тиймээс энэ асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль яг жилийн өмнө батлагдсан байдаг. Энэ хуулийн 20.1.18 дугаар заалтад “Боловсрол, эрүүл мэнд, нийгэм соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, орон нутгийн чиг үүрэгт шилжсэн” гэж байгаа.
Тэгэхээр энд дурдсан байгууллагуудын барилга байгууламжтай холбоотой нийтлэг үйлчилгээний чиг үүрэг нь тухайн байгууллагынхаа биш, орон нутаг руу чиг үүрэг нь шилжсэн. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг, дүүрэг, сумын Засаг даргын чиг үүргийн ажил болж байна гэсэн үг. Үүнийг төсвийн хуулиар биш орон нутгийн засаг захиргааны хуулиар аль жилийн өмнө шийдчихсэн.
Өөрөөр хэлбэл, цалин урамшуулал, 36 сарын тэтгэмж гэх бүх зардал албан хаагчдынхаа тоогоор, жил бүр тусгагддаг зарчмаараа орон нутгуудад шилжээд очсон байгаа. Төсөв багасгаад хувийн байгууллага руу шилжүүлсэн асуудал байхгүй” гэлээ.