Өөрийнхөө бүх хувцсыг дүүдээ өмсгөөд, өөрөө амиа алдсан 10 настай охинд “Онцгой үйлстэн” шагналыг нэхэн өгөхөөр болжээ

Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас энэ жилээс эхлэн “Онцгой үйлстэн” гэх шагналыг онцгой үйлс бүтээсэн иргэдэд олгож байхаар болжээ. Тэгвэл энэ жил “Онцгой үйлстэн” шагналыг бяцхан дүүгээ аврахын тулд дулаан гэх бүх хувцсаа түүнд өмсгөөд өөрөө нас барсан 10 настай охинд нэхэн олгохоор болжээ.
Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг 2014 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гарсан билээ. Долоон настай эгч нь өөрийнхөө өмсч явсан дулаан гэх бүх хувцсаа тайлж дүүдээ өмсгөөд, өөрөө осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан байдаг.
Тэгвэл бяцхан дүүгээ авраад өөрөө тэнгэрийн орныг зорьсон бяцхан охинд эл шагналыг нэхэн олгохоор болсон байна. 
Сайхан сэтгэлт эгчийнхээ ачаар амьд үлдсэн С.Хонгорзул охин өдгөө Цагаанхайрхан сумын дунд сургуулийн долоодугаар ангид сурч байгаа аж. Түүний аав, ээж хоёр тусдаа амьдардаг болсон учир охин авга эгчийндээ амьдарч байгаа ажээ. Тиймээс ч ОБЕГ-аас охинд таван ханатай гэр бэлэглэхээр болжээ.
С.Хонгорзул охиныг 18 нас хүрэхээр хуруу залгах мэс засалд орох боломжтой хэмээн эмч нар хэлжээ.
Ташрамд өгүүлэхэд, “С.Хонгорзул охин олон удаа хагалгаанд орж, баруун гарын дөрөв, хөлийн таван хуруугаа тайруулсан байна. Охиныг 18 нас хүрэхээр нь хуруу залгах мэс засалд орох боломжтой хэмээн эмч нар хэлжээ. Тиймээс аав болон авга эгч нар нь охины эмчилгээг бүрдүүлнэ хэмээн зүтгэж байгаа талаараа ярьсан байна. С.Хонгорзул охин том болоод сувилагч болох мөрөөдөлтэй гэнэ.
С.Хонгорзул охины аав Ц.Сансарбаяр хэрэг гарсны дараа хэвлэлд өгсөн ярицлагадаа “Охин минь биднээс л ухаантай байж. Хөөрхий, хамаг хувцсаа тайлаад дүүдээ өмсгөсөн байсан. Тэгсний хүчинд дүүгээ авраад өөрөө тэнгэрт одлоо. Юу ч гэх вэ дээ, бидний үйлийн үр ийм байж. Эрлийнхэн охидыг олоход би өөр газар хайж явсан. Яг ямар байдалтай байсныг нэг бүрчилэн ярьж өгөөгүй. Харахад нүд халтирмаар л байсан байх даа” хэмээсэн байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *